Monday, February 18, 2008

Чин сэтгэлийн яриа...

-Чи юунд итгэж найдаж ингэж байгаа юм бэ?
-Юм юманд л найдаж итгэж...
-Тэгээд үр дүн гарна гэж бодож байна уу?
-Гарна л гэж бодож байна.
-Тэгээд чи хэдий болтол үр дүн гарна гэж найдах гэж байгаа юм бэ?
-Бүх л хугацаанд...
-Тэгээд чиний хувьд энэ бүх л хугацаанд найдаж байгаагийн чинь үр дүн нь юу байх ёстой юм бэ?
-Бүх л юм байна...
-Тийм олон зүйл байгаа юм уу?... надад чамд өгч чадах тийм олон зүйл байхгүй шүү дээ...
-Тийм... Байгаа л гэж бодож байна...
-Чи тэгээд надаас юу авахыг хүсэж байгаа юм бэ?
-Хэлээд хүлээж авахгүй биз дээ...
-Тэгж бодож байгаа юм бол яагаад найдаад суугаа юм бэ?
-....

Wednesday, February 13, 2008

Өнөөдөр гэгээн хайрын өдөр....

Сэтгэл гэгэлзээд л, энэ өдөр нэг л биш ээ... хэ хэ, За энэ яахав, уул нь валентины өдөр гэж бодоод блог дээрээ хайрын шүлэг үлдээе гэж бодсон юм аа. Энэ өдрийн хамгийн эхний мэндчилгээ болж ирсэн шүлэг байгаамаа. Надад маш их таалагдсан. Уншихаар өөрийн эрхгүй сэтгэл уяраад л явчих юм билээ... хэ хэ.. За та бүхэндээ толилуулъя. Таалагдана гэж найдаж байна.

Зөвхөн нэрийг чинь сонсоход шүлэг мэт сонсогддог
би чамд тийм л хайртай
Зүүдээ манахад чи ирвэл мөнхөд сэрэхийг хүсдэггүй
би чамд тийм л хайртай
Зөн совин муугаар татахад хамгаас түрүүнд чамд зовнидог
би чамд тийм л хайртай
Зөөлөн амьсгаа чинь чихэнд шүргэхэд хорвоог мартдаг
би чамд тийм л хайртай
Хэн нэгний гар хацарыг чинь иллээ гэж зүүдлээд сэрээд зүүд байсанд баярладаг
би чамд тийм л хайртай
Хэзээ ч би чиний дэргэд байж чадна гэж үнэнээсээ амалдаг
би чамд тийм л хайртай
Халуун нулимсыг чинь гараараа нь биш зүрхээрээ арчдаг
би чамд тийм л хайртай
Хайргүй гэдэгийг чинь мэдсээр байж хүлээн суудаг
би чамд тийм л хайртай...

Буруугүй шүү дээ...

Утас дуугарлаа.
-Байна уу?
-Хаана байгаа юм бэ? /ихэд ууртай дуу гарлаа/
-Гадаа явж байнаа. /гайхлаа/
-Яагаад утасаа авахгүй байгаа юм бэ? /бас л ууртай л дуу.../
-Харин гадаа явж байгаа болохоор сонссонгүй. /сандарч эхэллээ/
-Хэнтэй явж байгаа юм бэ? /бүр ч ууртай дуу.../
-Нэг найзтайгаа явж байнаа, гэрийнхээ ойролцоо /айж түгшиж эхэллээ/
-Ямар найз, эрэгтэй юм уу, эмэгтэй юм уу? / аймшигтай дуу... бүр чангарлаа/
-.... /аймаар уурласан, хардсан ийм асуултуудаар дарсан дуунаас айсандаа юу ч дуугарч чадсангүй/ утасаа тасаллаа.
Утас дахиж дуугарсангүй.
Найзаасаа салаад гэртээ харилаа.
Сэтгэл айдсаар дүүрэн. Тайвширч чаддаггүй ээ,
Халуун цай уугаад ч нэмэр алга.
Орондоо орлоо, унтаж чадаагүй юм.
Тэр өдрийг хүртэл хэнээр ч ингэж хэлүүлж, асуулгаж байсангүй. Аймаар л байдаг юм байна. 9-р сарын 30
Утсанд мессеж ирлээ....

Бодрол

Өрөөнд нам гүм
Хааяахан тогших гарын товчлуур
Чаг чаг хийх бугуйн цагны чимээ
Чихэнд сонсогдоод л...
Уйтгартай ч юм шиг, харин ч сайхан ч юм шиг,
Цаг харлаа, 3 өнгөрч байна
Юу хийх ёстой билээ, аа тийм энийг дуусгана
Цаг харлаа, 4 өнгөрч байна
Кофе уумаар байх чинь, халууныг шүү
Хүмүүс ороод л, гараад л, яриад л, сонсоод л,
Цаг харлаа, 5 өнгөрч байна
Удахгүй ажил тарах нь ээ, ажлаа дуусгалгүй горьгүй нь
Цаг харлаа, 7 өнгөрч байна
Өнөөдөр биш байжээ, харамсалтай л юм, магадгүй маргааш л байх, одоо ч харий даа...

Бодрол

-Өнөөдөр нэг л зэврүүн байх чинь,
-Даараа юу?
-Харин тийм ээ, жихүүдэс хүрэх шиг
-Юм өмсөх үү?
-Үгүй ээ, хэрэггүй, харин дэргэд минь суугаач, мөрийг чинь түшье, дургүйцэхгүй биз дээ?
-Яалаа гэж дээ, /суув./
-Гоё юм ярих уу?
-Юу ярих уу?
-Юу ч яах вэ? Эсвэл зүгээр л чимээгүй сууж бодол болох уу?
-Яасан ч яахав, чиний л хүслээр болог.
-Тэгвэл хоёулаа, чив чимээгүй жаахан сууяа...
-Тэгье..

Бодрол

Цонхоор харлаа.
Замаар машинууд, хашааны хажуугаар хүмүүс хөлхөлдөнө.
-Тэд хаашаа явж байгаа юм бол....
-Асуух уу?
-Харин ээ, хэрэг байна уу даа, Мэдээж нэг газар очих л гэж байгаа байх.
-Чи явахгүй юм уу?
-Хаашаа?
-Тэдэнтэй адил хаа нэг газар руу...
-Яах гэж тэр билээ?
-Мэдэхгүй ээ,
-Харин ээ.....
Замаар машинууд, хашааны хажуугаар хүмүүс хөлхөлдөнө.
Цонхны цаана ийм л дүр зураг...

Sunday, February 3, 2008

Өдрийн тайлан

Саяхан захирал маань 2007 оноо ажлын тайлангаа бичиж өг гэдэг юм байна. Тэгсэн яг бичих гээд суусан чинь юу бичихээ мэддэггүй ээ... хэ хэ үнэн инээдтэй... Бүтэн жил юу хийснээ санадаггүй, тэгсэн мөртөө их л завгүй ажилласан байх юм.

Эхлээд өдөр тутам хийсэн болоод хийдэг ажлаа бодлоо, байнга л давтагдаж байдаг болохоор санахад төвөггүй л байлаа. Өдөр болгон хийгддэг ажил үүргийн дагуух хуваарь маань сарын ажлын өдрүүдээр өөр өөрийн хийгддэг тогтмол өдрүүдтэй, тэр л цикл сар болгон давтагдаад л, давтагдаад л...

Зарим нэг онцгой саруудаар нэмэлт ажлууд гарч ирдэг, бас нэмж хэд хэдэн газартай хамтран ажилласан байх юм. Санаанд орсон бүхнээ алдахгүй нь тулд тэмдэглээд л байлаа. Тэгсээр таван хуудас болчихлоо. Одоо найруулж бичих л үлдлээ.

Тэгсэн бодоод байх нээ, тэр 5 хуудсыг захирал хараад уншихаас залхуу нь хүрэх байхдаа гэж бодогдлоо. Бусад хүмүүсийнх 1-2 хуудас тайлан болсон байсныг нь ширээн дээр нь байхад нь харсан юм л даа. :)

За тэгээд цааш нь тайлангаа яаж найруулах вэ гэдэг асуудалтай тулгарлаа. Найруулга маань нэг л олигтой болдоггүй ээ, зарим газар нь агуулга давтагдаад байх шиг санагдаад, тэгсэн хирнээ анхаарал нэг л төвлөрч өгөхгүй л ... Орхисон нь дээр байсан

Зүгээр л тэмдэглэл

Жил гэдэг харвасан сум шиг л хурдан юм аа, нэг л мэдэхэд 2007 он өнгөрөөд 2008 он эхэлж байдаг. Саяхан л 2007 он гарч шинэ жил тэмдэглэж байсан санагдах юм. Ингээд бодохоор энэ 2007 он тэгтлээ завгүй, ажил ихтэй ажлын ундарга болсон жил байсан юм болов уу даа.
Олон л үйл явдал ар араасаа хөврөн үргэлжилсэн байх юм.
Харин энэ 2008 он ямар жил болж өнгөрөх бол?
Бас л ажлын уу, эсвэл өөрийгөө хөгжүүлэх жил болов уу? эсвэл хүрээгээ тэлэх жил юм болов уу? эсвэл амьдарлын гараагаа эхлэх жил юм болов уу?
Ер нь л жил болгон өөр өөрийн голчилсон үйл явдалтай байдаг бололтой. За аль нь ч байдаг бай, ямар хамаа байна, тэртэй тэргүй амьдрал маань үргэлжилж, шинэ сонин үйл явдлуудаар дүүрэн л байх байх, тэгээд ч сониуч зантай маань холбоотой болов уу гэж бодогдохоор хийж үзэхсэн, мэдэхсэн, энэ яадаг юм бол, яагаад ийм байдаг юм бол гэсэн өчнөөн л олон асуулт, үл мэдэх зүйлүүд байна. Тэр бүгдийгээ нэг нэгээр нь, бага багаар хийж бас мэдэж авна даа... :)

Сонголт...

Сонголт... Хүн яагаад заавал сонголт хийх болдог юм болоо... Амьдралынхаа туршид шүү.. Тэгээд бүр шийдвэр гаргах тоолондоо энэхүү сонголтыг хийж байдаг. Шийдвэр нь зөв ч болсон бай, буруу ч болсон бай өөрөө л сонгосон сонголт учраас эргээд харамссан ч гэсэн бага шаналдаг юм шиг ээ.
Заримдаа сонголт хийсээр байгаад ядрах ч шиг. Яамаар ч юм бэ дээ, гэж бодогдох үе олон л тохиолдох юм, үнэндээ заримдаа би зугтчихдаг, сонголтоос шүү дээ... инээдтэй байгаа биз?
Зугтлаа гээд асуудлаа шийдэгдгүй нь бага зэрэг харамсалтай, түр зуур цаг хугацаа хожсон л хэрэг болдог. Хэсэг хугацааны дараа нөгөө асуудлууд эргээд л ургаад гараад ирдэг. Заавал шийдэхгүй бол чамтай зууралдаад л зунгааралдаад л... удаахын бол бүүр ч сэтгэлийн дарамт болж стресс болох нь энүүхэнд.
Гэтэл шийдвэр гаргахдаа бусад хүчин зүйлүүдийг харгалзах хэрэг гардаг. Зөвхөн нэг талыг хараад шийдчихээр нөгөө талаас заавал нэг эсэргүүцэлтэй тулгардаг. Миний саналыг эсрэг тал хүлээж авахгүй өөрийнхөөрөө зүтгээд байхаар би ч гэсэн өөрийнхөөрөө зүтгэмээр санагдчихдаг. Бие биенийхээ эсрэг хүсэл сонирхолтой хоёр талын нэгэн шийдэлд хүрнэ гэдэг нь үлгэр бололтой дог оо...