Sunday, June 22, 2008

Би түүнийг мэддэг, бас мэддэггүй

Тэр их гомдомхой...
Гэхдээ гомдсоноо нуудаг
Нуухдаа тэр дуугүй болчихдог
Эсвэл тэр дуу муутай, цөөхөн үгтэй болчихдог
Гэхдээ л би түүний гомдсоныг нь мэддэг.
Тэр их тэвчээртэй...
Түүнийг яаж ч хүлээлгэсэн
Тэр ирэн иртэл л хүлээдэг
Уурлаж, хэдэн үг хэлэхэд ч
Уцаарлаж бухимдаад байдаггүй
Түүнийг тэвчээртэйг нь би мэддэг.
Тэр их сайхан сэтгэлтэй...
Уйлж суухад минь аргаддаг
Уйтгарлаж суухад минь хөгжөөдөг
Урам хугарсан үед минь зоригжуулдаг
Туслаач гэхэд тусалдаг
Түүний сайхан сэтгэлтэйг би мэддэг.
Тэр их ухаалаг...
Гэхдээ тэр их даруухан
Харин тэр их зориг муутай
Гэхдээ л хүлээцтэй
Түүний ямар хүнийг би мэддэг
Тиймдээ ч би түүнийг хайрладаг
Түүний ямар хүсэлтэйг би мэддэг
Тиймдээ ч би түүний хүсэл биелээсэй гэж хүсдэг
Түүний ямар мөрөөдөлтэйг би мэддэг
Тиймдээ ч би түүнд сайн сайхныг хүсдэг.
Гэвч би нэг л зүйлийг л ойлгодоггүй...
Тэр хэзээ ч энэ тухайгаа хэлж байгаагүй...
Бас асуусан ч гэсэн хариулж байгаагүй юм...


Friday, June 20, 2008

Дагдан хулгайч

Манай Мишиг гүний хошууны баруун залгаа их шавийн нэг отог байсан юм. Богдыг хаан ширээнд сууснаас хойш тэр отгийнхон их омогтой боллоо. Хэрэг зарга болоход тэд нар буруу ч зөв болж, зөв ч зөв болдог боллоо. Хошууны хүмүүс тэднээс айдаг байлаа. Тэр отгийнхон улам гаараад бүгдээрээ шахам хулгай хийдэг боллоо. Хавь ойрын хошуу айлын морь малыг бараг ил шахуу хөөгөөд явчдаг боллоо. Энэ айхтар хулгайч нарын тэргүүн нь Дагдан гэдэг хүн байлаа. Хулгай луйвар хоёроор Дагдангийнх баяжлаа. Дагдан, Мэргэн Шовгор гэдэг нутагтаа их нэр хүндтэй ламыг шүтдэг байжээ. Мэргэн шовгор томоотой, мэргэн, ид шидтэй лам байсан. Тийм хир нь тэр муу хулгайчийг харж хамгаалдаг байсан юм. Мэргэн шовгор нэг өдөр Дагданд хэлжээ: Дагдаан, Чи ер нь хулгай зэлгий хийхээ боливол дээр байх аа. Сум ер нь булцуундаа хүрлээ шүү. Чамайг дааж тээхэд одоо хэцүү боллоо шүү, гэжээ. Дагдан, За гэсэн боловч хулгай луйвраа хийгээд л байжээ. Нэг өдөр нутгийн баруун захын Тэрмээс уулын баруунтаа нутаглаж байсан төвд ламын 2 морийг хулгайлаад авчихжээ. Тэр лам бол уг нь монгол хүн, Төвдөд олон жил суусан учраас төвд лам гэж нэршсэн лам юм. Төвд лам морийг нь Дагдан авчихлаа гэдгийг мэдээд Гэсэрт сэржим өргөөд л байжээ. Тэгсэн чинь өнөөх Дагдан ар өвөр тийшээ таталдаж ойчоод үхлүүд хэвтэх болжээ. Тэгэхлээр морьтой хүн яаралтай Мэргэн Шовгорт явуулж, Амь авар гэжээ. Мэргэн Шовгор ном уншаад замаг буугаар Дагдангийн зүг буудаж гэнэ. Дагдангийн өвчин гайгүй болжээ. Үүнийг Төвд лам дуулаад нэг шавийгаа Мэргэн Шовгорт явуулжээ. Тэгэхдээ хэлжээ: Чи хүүхээ Мэргэн Шовгорт очоод Дагдан үхчихлээ гэж хэл, гэж гэнэ. Тэр шавь нь хэлж: Багш минь, Дагдан үхээгүй, харин өвчин нь гайгүй болж байгаа гэнэ билээ. Би яаж худал хэлэх вэ? гэж. Багш нь хэлжээ: Дагдан нас өнгөрчихлөө, гэж Мэргэн шовгорт худал хэлчихээд ир, Зүгээр, гэж. Шавь нь аргагүй Мэргэн Шовгорынд дахиад очиж гэнэ. Шовгор гэртээ сууж байна гэнэ. Ламбугай, Дагдан гуай нас барчихлаа гэж гэнэ. Яана гэнээ, Арай ч үгүй байгаа, нээрээ юу? гэж асуужээ. Нээрээ гэж хэлчихээд хурдхан тэднийхээс мордож гэнэ. Замд нь нэг морьтой хүн ширүүн давхиж яваад мориноосоо ойчлоо гэнэ. Хажуугаар нь гарах юм уу гэснээ хүнийг мориноосоо ойчоод байхад туслахгүй, арай ч аягүй юм уу гэж бодоод морий нь бариад ойчсон хүн дээр нь очсон чинь Дагдангийн дүү Шарав байж байна. Ууц өвдөөд байна, гээд арай гэж босож байна. Түүнийг моринд нь мордуулж өгчээ. Тэр Шарав Мэргэн Шовгорт Дагдангийн амийг авар гэж гуйх гэж яваа юмсанжээ. Тэгж бид хоёрыг мунгинаж байх завсар хойноос нь бас нэг морьтой хүн давхиж ирээд Дагдан өнгөрчихлөө, гэжээ. Тэгээд тэр хоёр Мэргэн Шовгорт Дагдангийн тухай айлтгасанд, Би түүнд хэлж байсан юм аа, сум булцуундаа туллаа шүү гэж. Хүний үгэнд орохгүй болохлоор одоо яана гэх вэ, Ийм боллоо. Хойт сүнсий нь бодохоос биш яах вэ, гэж байсан гэдэг. Дагданг нас барсанд бид цөмөөрөө баярлаж байсан юм. Түүнийг Мэргэн Шовгор аврах гээд Төвд лам түүнийг цааш нь харуулах гээд тэгж мөргөлдөж байсан юм даа. Чадалтай улс урьд Монголд байсан юм шүү.

Түншийн өрийг төлсөн нь

Манай хошууны ноён
Мангуу тэнэг амьтан
Малтай газрын ноён гэж нэг аваад
Манжийн хааны хүргэн гэж нэг аваад
Хошуу цэргийн захирал гэж нэг аваад
Хуаран цэргийн жанжин гэж нэг аваад
Чуулган даргын тушаал гэж нэг аваад
Чухал цагийн алба гэж нэг аваад
Төр засгийн зарлиг гэж нэг аваад
Түмэн настны Лүндэн гэж нэг аваад
Түншийн пүүсэнд түм лангийн өртэй болж гарлаа
Төлөх гэж төмөр дөрөө сэтэртэл
Төр тамга элэгдтэл, зар бичиг явуулж
Зарлага элч давхиулж ядаад
Хошуу отгоор нь хувааж ядаад
Хувь хөрөнгөнд нь оноож ядаад
Өрхийн тоогоор тулгаж ядаад
Өглөгийн эзэнд бадарлаж ядаад
Адаг сүүлд нь ахиж бодохоор болоод
Арван отог, дөрвөн гоцгоос намайг томилжээ.
Данжаадын пүүсэнд өр бодохоор
Далан худалч би бас л явах боллоо
Түншийн пүүсэнд өр бодож
Түм лангийн ханхайд сууж
Дансан дээгүүр тоо харж
Дарсан газар нь цэг хатгаж
Бичсэн нэгийг нь мэтгэж үзээд
Бэхтэй цаасыг нь норгож үзээд
Данжаадыг нь хөөргөж нэг үзээд
Дансчныг нь түйргэж нэг үзээд
Бодох тутам зөрүү гаргаж
Болно гэхээр болохгүй гэж зөрсөөр байгаад
Хорь хоног, хоёр шөнө нойргүй хонуулж
Хэлэлцээ нийлсэнгүй гэж хэрүүл үүсгээд
Хэрхэвч төлөхгүй гэж маргаан дэгдээв
Хэрэв самуураад байвал
Хээр гарч сэлүүхэн газар тавтайхан бодъё гэж
Данжаадад нь хэлэв
Дараах өдөр нь данжаад нь дансчингаа аваад
Аглаг хээр гарч, ахин сайн бодохоор явлаа.
Тэгэхээр нь би гэртээ очиж хонины олгойд цус дүүргэж
өвөртөө хийгээд тэдэн дээр очлоо
Данжаад гуай дансаа бодон бодсоор байгаад эцэст нь хүргээд
- Түм лан дүйлээ гэж хашгирав
- Тэглээ яг түм лан болжээ
За тэгэхлээр данжаад минь түүнийг чинь ертөнцөд хамгийн үнэтэй ховор эрдэнэ өгч төлье авах уу? гэж асуухад,
- Юу ч байсан хамаагүй авнаа... гэж данжаад хэлэв.
- За тийм бол ертөнцөд хүнээс илүү үнэтэй эрдэнэ байдаггүй болохоор түм лангийн чинь үнэнд түнтгэр хөх толгойгоо тушаана даа гээд хутгаа суга татан авч хэнхдэг рүүгээ шааж олгойтой цусаа хагалан гоожуулж үхэтхийн унав.
- Ай яаж болноо Түм лан хамаагүй лаа гээд данжаад гуай данс сэлтээ шидэж орхиод учир нажиргүй зугатаан арилав.
Дараа нь би сэмхэн босч өрийн дансыг шатаагаад явлаа. Хэд хоносны дараа Түншийн пүүсээр орвол данжаад ийн өгүүлрүүн :
- Түм лангийн өрнөөс болоод түнтгэр хөх толгойгоо тушаагаагүй бол чи Далан худалчтай даан ч адилхан хүнээ? гэж асуулаа.
- Хөөрхий муу Далан худалч хүний муугаар үхсэн гэнэ билээ
Арьяавал мааны бадны хум, сайн заяанд төрөх болтугай.
Тэгээд юу болов данжаад гуай гэж асуухад :
- Түүнээс хойш би түм лан гэхлээр толгой өвдөж, түнтгэр хөх толгой гэхлээр дотор муухай болдог болсоон шүү. Түүнийг битгий яриваа, гэх билээ.
Манай хошуу өрнөөсөө үүрд салж магнай хагартал баярлахдаа Далан худалч, далан удаа үхсэн ч амьд хэвээрээ байна гэж нотолсон юмаа.

Амбан ноёныг алгадсан нь

Эрт урьд нэгэн цагт юмсан
Хулгана жилийн намрын эхэн
Сарын шинийн гурваныг
Хутагт лам ширээнд суусан
Хувьтай сайн өдөр гэж
Хурсан буяны дээж гэж
Хураасан малын хишиг гэж
Хүрээний амбанд айлтгал гэж
Есөн цагаан бэлэг хүргэхээр
Дайчин бээсийн хошуунаас
Далан тэмээ ачаатай
Даа хүрээний амбаныд
Далан худалч би хүрч ирсэн юм
Ачаа хөсгөө буулгаж
Амбан ноёнд хишиг хүртээж
Агт морь, атан тэмээ
Ам цагаан хонь, алт мөнгө
Амттан идээ, архи дарс
Аль байдаг есөн цагаанаа бариад
Алба багасгаж, элч цөөтгөхийг гуйж
Айлчин гийчний ёсоор бууж билээ.
Амбан ноёнд хүн гэгдэж
Албан ёсонд зочин гэгдэж
Архи дарс, амттан идээгээр дайлуулж
Аятайхан тав хонолоо
Бид ч явах боллоо
Амбан ч царайгаа хувилгав бололтой
Бэлгийн хариуг дараа өгнө
Бичиг захиаг хошуу ноёнд чинь хүргэнэ гэж хэлээд
Биднийг хоосон гаргалаа.
Бэлэг хүргээд хоосон буцах муу ёр гэж
Манай нөхөд дургүйлхэв
За тэгвэл есөн цагааныхаа хариуд
Амбан ноёныг нэг алгадвал яанаа гэж
Би тэдэнд хэллээ
Хэрэв амбан ноёныг алгадвал
Чиний бөндгөр чинь амбан ноёны
Үүдэн дээр үүрд өлгөөстэй байх болно
гэж манайхан ам алдав
За тэгвэл Далан худалч дийлэх нь үү
Даа хүрээний амбан дийлэх нь үү
Үзнэ дээ гэж би ам өчиг тавив.
Маргааш өглөө нь маш эрт босч
Амбан ноёны үүдэн дээр сахин
Сууж байтал Амбан ч гараад ирлээ
Би ч тасхийлгээд авлаа
Амбан ноён ч газар үхэдхийн унав
Албат нар нь ч бужигналдаж эхлэв
Элээ яалаа, халаг хоохой энэ тэр болцгоов
Амбан ноён арай хийж өндийгөөд
Ай чи яаж байнаа? гэж асуув
Тэгэхлээр нь би ийн хэлрүүн
- Өршөөгөөрэй, эзэн тэнгэр минь
Би гэдэг хүн, архаг өвчнөөр
Арван жил өвдөөд эм дом
Эмч сувилагч элдэв дээдээр
Аргалаад эдгэсэнгүй болохоор нь
Эрхэм мэргэдээс асуувал
Тэнгэр алгадвал чиний энэ өвчин
Эдгэнэ гэж хэлсэн юмаа
Гэтэл над шиг
Муу заяат, мухар толгойт
Усан нүдэт, цусан зүрхтэд
Тэнгэр яахин олдох билээ
Арга буюу таныг, манжийн хаан
Эзэн тэнгэрийн хүү тэнгэрлэг
Язгуурт их тэнгэр хэмээн
Алдаршсан болохоор таныг л
Алгадахаас өөр аргагүй боллоо
Уучилж хайрлана уу? гэхэд
Манжийн амбан ийн хэлрүүн
- Чамдаа ч би тэнгэр нь тэнгэрээ
Өвчин чинь эдгэх болтугай
Өш хонзон байхгүй болохоор
- Хамаагүй ээ явбаа гэж хэллээ
- Эзэн тэнгэр минь ингэж намайг
Баярлуулах гэж дээ, одоо та бид
хоёр өглөг авлага, өш хонзон байхгүй
болохоор та ч морилж үз,
Би ч явъя даа гээд гарч одлоо
Тэгээд намайг хүрээ амбанд хүргэсэн
Есөн цагаан бэлгэнийхээ хариуд
Амбан ноёныг алгадсан тухайг манай
Нутгийнхан сонсоод чиний алга
Есөн цагаанаас үнэтэй болжээ гэж үнэлсэн юм
Ингэж би амбан ноёнд алга буулгаж
Явсан толгой доо ...

Богд ламд бараалхсан нь

Урьд нэгэн цагт манай нутагт
Нэрд гарч, зард тарсан
Гахай жилийн зуд болж
Ганц морьтон нь
Гар хоосон болж
Гаднаа хоньтой нь
Ганзага мэрэх юмгүй үлдэж
Хувин цайлгах сүүгүй
Хусуур дуугаргах хусамгүй
Хусран үнээнд цайхгүй
Хурган сүүлэнд мөлжүүргүй болтол
Хаврын хавсарга үлээж
Хамаг олон нь өлсгөлөн болж
Хал үзэж, халуун чулуу долоох үед
Хаан эзнээс өршөөл гуйж
Хайр тэтгэм горьдон залбирч
Өргөх бичиг үйлдэн зохиож
Эрдэнэ далай вангийн хошуунаас
Элч зарлагаар намайг илгээж билээ.
Далан худалч давиран цогиод
Даагатай гүүгээ даргиулан шогшоод
Даа хүрээнд хүрээд ирлээ.
Далай вангийн хошуунаас
Далан долоон зовлон тоочихоор
Далан худалч ирсэн гэнэ гэж
Богд лам сонсоод
Бодол болж сууснаа
Албат нараа цуглуулаад
Арга мэх зохиоё гэж
Ам нийлж ярилцаад тохирч гэнэ.
Далан худалчийг бараалхаж ирэхэд
Нүдээ боож сохор болоод
Нүүрээ будаж эхнэр болоод байцгаая.
Далан худалч ирээд
Богд лам нь аль болохыг
Бодож олох хэцүү
Тааж мэдэх бэрх болоод
Танилгүй мухардахад нь
Богд ламаа болгоосонгүй
Буруу хүнд бараалхав гэж
Буцааж явуулъя гэж хэлэлцээд
Олбог тойрон оль сохор
Танхим тойрон таг сохор болоод сууцгааж гэнэ.
Далан худалч түүнд яаж хуурагдах аж даа.
Богдын ордонд ортол
Боодолтой сохор ч нэг хэсэг байлаа
Болохоо байсан сохор ч нэг байлаа
Болно гэж өөрөө дурласан сохор ч нэг байлаа
Богдыг дуурайсан бодолгүй сохор ч бас байлаа
Арваад сохорын аль сохрыг тэр гэх үү
Адгийн сохор амар байна уу? гээд
Хадгаа гаргаж, бичиг өргөдлөө барив
Оль сохруудын дундаас
Оногдсон сохор нь Богд өөрөө байлаа
Боодолтой сохрууд нь босоод явахад
Богд лам нь үлдээд хоцорлоо
Тэгэхлээр нь би ийн хэлрүүн:
Хувь заяа минь дутаж
Хошуу нутаг минь хоосроход
Хутагт лам маань бас
Сохор байдаг байна шүү
Одоо яана даа! гээд
Орь дуу тавьж гарлаа.
Тэгтэл богд лам ичсэндээ болоод
Энэрэл өршөөлийн зарлиг буулгаж
Энэ хошууг есөн жил дараалан
Албан гувчуур, авлага цэтгэрээс
Тайлсан тухай, тамгатай бичиг өгч
Намайг адислан гаргалаа
Ингээд би нутаг хошуундаа
Баяртай, бараатай хүрч ирээд
Богд ламын боодолтой нүдийг далимдуулж
Бошгын албанаас чөлөөлөгдсөнөө ярихад
Боллоо далан худалч минь
Богдыг үүнээс илүү яаж чадахав гэсэн юм даа.

Thursday, June 19, 2008

Далан худалчийн үлгэрүүд, Бадарчингийн инээдэмт паян

Монгол ардын аман зохиол бол өргөн баян агуулгатай, хошин шог утгатай байдгийг монгол хүн бүхэн мэддэг, мөн унших ч дуртай байдаг. Би ч мөн адил дуртай. Бага байхад минь аав маань надад үлгэрийн ном их авч өгдөг байж билээ. Гэхдээ нэгийг нь ч уншиж өгч байгаагүй . Их дуугайдуу хүн байсан. Тэгээд л бодвол тэдгээр номыг уншиж өгөх үүрэг ээжид маань оногддог байсан байх аа. Орой унтах болохоороо нөгөө бүх номнуудаа томоос нь жижиг хүртэл орныхоо хажууд өрөөд тавьчихдаг. Тэгээд л нэг нэгээр уншуулж байгаад унтдаг байсан гэж ээж маань хэлдэг юм. Тэр бүхнээс би зөвхөн өрж тавьсан байсан номнуудаа л их сайн санадаг. Гэтэл би өөрөө л өрсөн юм билээ л дээ.Тэдгээр номнуудын нэг нь энэ <<Далан худалчийн үлгэрүүд, Бадарчингийн инээдэмт паян>>. Энэ номыг уншиж дууссан хирнээ дахиад л уншина. Ерөөсөө салж чаддаггүй байж билээ. Тиймдээ ч өнөөг хүртэл хадгалж явдаг байх. За энэ яахав, яриандаа халж байх шиг байна. Та бүхнээсээ хүлцэл өчье. Одоо гол зүйл рүүгээ оръё. Энэ бүх үлгэр, хошин шог яриаг хүргэж байгаа хүнийхээ үгийг юуны өмнө сонсох хэрэгтэй байх гэж бодож байна. Зохиогч Д.Сүрьяа:
Аливаа улс гүрэнд байдгийн нэг адил төр хямарч олон түмний амьдрал доройтоход ард түмэн, түүнийг хошин шог яриа, аман үлгэрээр шүүмжлэн, инээдэм тохуу болгож байдгаас манай монгол түмэн маань хазайсангүй. Энэ нь XVIII, XIX зууны үед маш өргөн түгэн тархсан. Учир юу гэвэл, энэ үед манжийн булаан эзлэгчдийн дарлал туйлдаа хүрч түүний өмнө бялдуучлан явагч лам, ноёд, тайж, түшмэл болон хятад худалдаачин, мөнгө хүүлэгчид монгол орноор дүүрч, авилгаач, тонуулч, этгээдүүд ард олныг үл хайрлан мөлжиж, дарлан зовоож байсан болохоор нутаг орноосоо дайжиж олон дээгүүр тэнүүчлэн явж, энэхүү бурангуй ёсыг эсэргүүцэгчид бас цөөнгүй байжээ. Тэдгээрийг тэнэмэл бадарч, худал ярьж явдаг далан худалч хэмээн нэрлэснийг далим болгож, ард түмэн тэднийг ярьсан болгож янз бүрийн хошин шог зохион ярьсаар энэ зууны эхэн хүртэл аман зохиолын хэлбэрээр дэлгэрсэн гэж үздэг. Харин эдгээр амнаас ам дамжин уламжлагдан ирсэн аман зохиолыг түүвэрлэж эмхэтгэж, бичиж, хэвлэсэн нь энэ зууны тавиад оныг хүртэл огт байсангүй.
<<Далан худалч Бэлэн Сэнгэ>> гэдэг чухам тийм бодит хүн байв уу гэвэл одоогоор тийм баримт хараахан олдоогүй. Гэтэл төв ба зүүн халхад <<Балан Сэнгэ>> гэж ярих нь дийлэнх байдаг бол баруун халхад ихэвчилэн <<Бэлэн Сэнгэ>> гэж ярих нь элбэг тохиолдоно. Үүний учир шалтгаан юу вэ? гэвэл монгол хэлэнд <<Бэлэн зэлэн, Балан цулан>> гэдэг холбоо хоёр үг нэг утга санаатай хоёр өөр хэллэг учир алинаар нь ч ярьж болдог бололтой. Иймээс бэлэн зэлэн, цэцэн цэлмэг үгтэй хүний дүр байдлаар <<Бэлэн Сэнгэ>> гэж нэрлэсэн бололтой. Гэтэл өвөрлөгчийн хошуудад бас <<Балган Сэнгэ>> гэж ярих нь элбэг учирна. Энэ нь ч бас байж болон зүйл бөгөөд балаг таригч гэсэн үгнээс гаралтай. Балган Сэнгэ буюу Балагт Сэнгэ хэмээн аль муугаар нэрлэх гэсэн оролдлогоос үүссэн бололтой. Гэтэл заавал Сэнгэ гэдэг нэр ямагт байдаг нь ямар учиртай вэ? гэвээс энэ нэр энэтхэгийн санскрид үг бөгөөд уг чанартаа <<байхгүй хоосон>> гэсэн утгатай болохоор тэгэж нэрлэсэн байж болох талтай юм.
Тэрчлэн монголын баруун аймгуудад <<Бадарч, Бадарчин>> нэртэй хүн элбэг байдаг болохоор үлгэр яригчид ах дүүсийнхээ нэрээр хэлэхгүйг хичээж <<Бадарч хүнийгээ>> Баадай хэмээн нэрлэдэг ёс буй учир энэ түүвэрт Бадарчин Баадай хэмээн нэрлэж уг үлгэрийн баатар болгож өгүүлсэн байна.
Сонирхон уншигч эрхэм та бүхэн таалан соёрхож, өөрт тань ийм хошин шог өдий төдий үлгэр байвал харамгүй нэмэрлээрэй.

Тэр ингэж хэлсэн...

Та сонс доо, таны цээжин дотор нэгэн амь буй
Түг түг түг түг
Нэгэн хэмнэлээр цохилж байна уу
Тэгвэл таны зүрх эрүүл тайван байна
Гэвч тэр үргэлж ийм байдаггүй
Тэр заримдаа уйлж, заримдаа инээж, бас уурлаж
Тэр ч бүү хэл заримдаа тэр бас айдаг
Түүний инээх нь сайхан, уурлах нь аймшигтай
Харин уйлах нь өхөөрдмөөр боловч
Айх нь өрөвдмөөр...
Хүн өөрөө л ийм, түүнийг дагаад зүрх ч мөн адил
Инээх үедээ эрч хүчийг, урам зоригийг олж авдаг бол
Уурлах үедээ өвчин зовлон, стрессийг л олж авдаг, тэгвэл
Уйлах үедээ гомдол, ухаарал
Айсан үедээ гэмшилийг мэдэрдэг.
Тэр амьдарч бас үхдэг
Тэр бүхнийг ойлгож бас мэдэрдэг
Түүнд эрүүл амьдрах л сайхан байдаг
Тэр нь
Түг түг түг түг
Нэгэн хэмнэл
Хэмнэлийн түргэн цохилт түүнд
Таалагддаггүй, бас удаан цохилт
Тэр хүйтэнд дургүй
Халуунд дуртай, гэхдээ 36,5 градуст
Тэр үүнийг л ойлгуулахыг
Ийм л байхыг хүсдэг...гэнэ лээ