Thursday, November 20, 2008

Мэргэн шовгор

Түшээт хаан аймгийн Мишиг гүний хушуунд Мэргэн Шовгор гэж их мэргэн хүн байсан гэдэг. Ардын засгийн эхний үед Их Хүрээнээс хоёр лам Мэргэн Шовгорыг юм мэддэг мэддэггүйг үзэх гэж очиж гэнэ. Өвөл цаг байж. Хоёул их даарч явж гэнэ. Нэг нь <<Шалгаж магадлах маань ч гайгүй, хамар тулсан тостой сүүтэй цай ууж нэг дулаацах юмсан>> гэжээ. Нөгөө нь хэлжээ: <<Залуу сайхан эхнэртэй юм гэдэг. Түүнийг нь харах юмсан>> гэжээ. Тэгээд Мэргэн Шовгорынд ороод мэндэлжээ. Нутаг усыг асуусны дараа Мэргэн Шовгор хэлжээ: <<Тостой цай уух гэсэн та энэ зүүн гэрт ор. Эхнэрийг минь үзэх гэсэн нь жаахан хүлээ. Их удалгүй ирнэ>> гэжээ. Хоср лам шалгахаа болиод их биширч шавь орсон гэдэг шүү.
Бас тэр нутгийн нэг хүн Мэргэн Шовгорыг шалгах гэж худгийн ёроолоос нэг чулуу, уулын оргилоос нэг чулуу аваад Шовгорынд очиж асууя гэж: <<Энэ бол хоёр газраас авчирсан чулуу юм. Аль газар нь нутаглавал зохимжтой байна? Үзэж хайрла>> гэж гэнэ. Мэргэн Шовгор худгийн чулууг барьж үзээд <<Энэ газарт гэр чинь багтах юм бол нутаглаж болно>> гэжээ. Нөгөө чулууг үзэж <<Энэ газарт гэр чинь тогтох юм бол мөн нутаглаж болно>> гэжээ.
Бас нэг хүний эхнэр өвдөж гэнэ. Хадаг даалимба хоёрыг авахуулаад нэг хүнийг гуйж: <<Мэргэн Шовгорт энэ хадаг даалимба хоёрыг өгөөд өвчтэй эхнэрийн тухай аврал асууж ир>> гэж явуулжээ. Тэр зарсан хүн нь замдаа даалимбыг аргалын бүтээлэгний доогуур шургуулаад Мэргэн Шовгорынд очиж хадгийг бариад асууж гэнэ. Мэргэн Шовгор хадгийг аваад хэлж гэнэ. << Тэр өвчтэй хүн чинь гайгүй юм байна. Удахгүй зүгээр болно. Харин та хурдхан явалгүй горьгүй. Таны аргалын бүтээлэг доогуур шургуулсан даалимбыг одоо үхэр идчих гэж байна. Одоо сэжүүрээс нь нэг ухаагч үнээ зулгааж байна>> гэжээ. Өнөөх хүн яаран очсон чинь нэг ухаагч үнээ даалимбаны сэжүүрээс ам хиртэй идчихээд байсан гэдэг.
Аймаар мэргэн байгаа биз...