Sunday, March 13, 2011

Twilght - Бодлоос гардаггүй ээ...

Өмнө нь, Twilight гэдэг киног цус сорогчдын тухай гэж ойлгон аймшгийн кино үзэх дургүй болохоороо нэг их тоолгүй өнгөрдөг байлаа. Дараа нь дүү нар маань, "гоё кино" гэдэг тодотголыг урд нь зүүчихээр нь тийм л юм байх даа гэж бодоод л өнгөрсөн. Харин ойрын хэд хоног ТВ-ийн сувгуудаар тэр кино дараалан давтан гарч байгаатай таараад санамсаргүй байдлаар хэд хэдэн удаа үзчихсэн чинь тэнд аймшгийн гэхээр юм нэг их байсангүй, харин ч хайрын тухай их сайхан кино байж. Бодох тусам хүн яаж цус сорогчтой хамт байж болдог байнаа,... гэж бодохоор нэг л аймаар. Гэвч байж боломгүй санагдах тэр хил хязгаарыг давж гарсан хайрын тухай зохиолч бодож гаргаж ирсэн нь үнэхээр гайхмаар. Үүнийг оюун ухаандаа төсөөлөн бий болгож зохиогоо болов уу, аль эсвэл ямар нэгэн эх үүсвэрээр олж авсныгаа тийнхүү цаасан дээр эмхлэн буулгаа болов уу. Хамгийн гол нь энэ кинонд өгүүлэх хайр үнэхээр сэтгэлийн утсыг хөглөж, өөрийн эрхгүй тэр хайранд уяран, мөнхүү эмээх зэрэгцсэн. Цаашилбал юу болох бол гэсэн уншигчийн хөтлөгдөх сэтгэл байдаг шиг ямар үйл явдал болох бол, яах бол, Белла үнэхээр цус сорогч болох болов уу, Эдуард ганц амьд яваагийнхаа учир утга болсон хайртай бүсгүйгээ өөрийн уйтгарт аймшигт ертөнцдөө үнэхээр оруулах болов уу, Жакобын хайр Беллаг эргүүлэн татаж чадах болов уу гээд л мянга мянган бодол санаа толгойд эргэлдэж шимтэн суухдаа сэтгэл догдлоод л... Белла Эдуардыг сонгосон мэт харагдах боловч эцэст нь Жакобыг сонгохоор шийдэж магадгүй ч юм шиг, Эдуард түүнийг хүлээн зөвшөөрөн хүний ертөнцөд нь хүний амьдралын аз жаргалаар амьдруулахын тулд Жакобтай явуулах ч юм шиг санагдана. Эдуардын хүйтэн гар, хүйтэн үнсэлт, хүйтэн тэврэлт... Жакобын халуун амьсгаа, халуун бие, дулаан харц... нэг зүйлийн 2 туйл мэт. Белла яг дунд нь зогсоно. Тэр зүрх сэтгэлдээ 2 залууг ялгаагүй чухал хүн гэдгийг мэднэ. Тэр хэнийг нь сонгох бол... Төгсгөлийн ангийг нь үзэхээрээ л...

Хорвоо өөрөө их сонин, элдэв зүйл байдаг бололтой байдаг. Хараагүй, үзээгүй ч тэдгээр зүйлсийн тухай ихийг сонсож, уншиж байсан. Хүн-чоно, цус сорогчид үнэхээр байдаг болов уу...

No comments: