Sunday, March 13, 2011

Twilght - Бодлоос гардаггүй ээ...

Өмнө нь, Twilight гэдэг киног цус сорогчдын тухай гэж ойлгон аймшгийн кино үзэх дургүй болохоороо нэг их тоолгүй өнгөрдөг байлаа. Дараа нь дүү нар маань, "гоё кино" гэдэг тодотголыг урд нь зүүчихээр нь тийм л юм байх даа гэж бодоод л өнгөрсөн. Харин ойрын хэд хоног ТВ-ийн сувгуудаар тэр кино дараалан давтан гарч байгаатай таараад санамсаргүй байдлаар хэд хэдэн удаа үзчихсэн чинь тэнд аймшгийн гэхээр юм нэг их байсангүй, харин ч хайрын тухай их сайхан кино байж. Бодох тусам хүн яаж цус сорогчтой хамт байж болдог байнаа,... гэж бодохоор нэг л аймаар. Гэвч байж боломгүй санагдах тэр хил хязгаарыг давж гарсан хайрын тухай зохиолч бодож гаргаж ирсэн нь үнэхээр гайхмаар. Үүнийг оюун ухаандаа төсөөлөн бий болгож зохиогоо болов уу, аль эсвэл ямар нэгэн эх үүсвэрээр олж авсныгаа тийнхүү цаасан дээр эмхлэн буулгаа болов уу. Хамгийн гол нь энэ кинонд өгүүлэх хайр үнэхээр сэтгэлийн утсыг хөглөж, өөрийн эрхгүй тэр хайранд уяран, мөнхүү эмээх зэрэгцсэн. Цаашилбал юу болох бол гэсэн уншигчийн хөтлөгдөх сэтгэл байдаг шиг ямар үйл явдал болох бол, яах бол, Белла үнэхээр цус сорогч болох болов уу, Эдуард ганц амьд яваагийнхаа учир утга болсон хайртай бүсгүйгээ өөрийн уйтгарт аймшигт ертөнцдөө үнэхээр оруулах болов уу, Жакобын хайр Беллаг эргүүлэн татаж чадах болов уу гээд л мянга мянган бодол санаа толгойд эргэлдэж шимтэн суухдаа сэтгэл догдлоод л... Белла Эдуардыг сонгосон мэт харагдах боловч эцэст нь Жакобыг сонгохоор шийдэж магадгүй ч юм шиг, Эдуард түүнийг хүлээн зөвшөөрөн хүний ертөнцөд нь хүний амьдралын аз жаргалаар амьдруулахын тулд Жакобтай явуулах ч юм шиг санагдана. Эдуардын хүйтэн гар, хүйтэн үнсэлт, хүйтэн тэврэлт... Жакобын халуун амьсгаа, халуун бие, дулаан харц... нэг зүйлийн 2 туйл мэт. Белла яг дунд нь зогсоно. Тэр зүрх сэтгэлдээ 2 залууг ялгаагүй чухал хүн гэдгийг мэднэ. Тэр хэнийг нь сонгох бол... Төгсгөлийн ангийг нь үзэхээрээ л...

Хорвоо өөрөө их сонин, элдэв зүйл байдаг бололтой байдаг. Хараагүй, үзээгүй ч тэдгээр зүйлсийн тухай ихийг сонсож, уншиж байсан. Хүн-чоно, цус сорогчид үнэхээр байдаг болов уу...

Thursday, March 10, 2011

Юм бүхэн өөрийн цаг хугацаатай

Их эрт мэдсэн хирнээ ойлгоогүй, тэгсэн хирнээ үйл явдлаас эрт байсан, гэхээр хэдий харсан ч гэсэн тухайн зүйл амьдарлын маань нэг хэсэг болох нь зайлшгүй байсан, мөн өөрийн болох цаг хугацаатай байсан гэсэн үг байх нь ээ.

Хэрвээ би ойлгож мэдээд болох зүйлийн эхлэлийг тавилгүй чигийг өөрчилсөн бол юу болсон байх байсан бол, Өнөөдөр өөр өнцөгөөс өөр үйл явдлыг хараад байж байх байсан юм болов уу,...

Цаг хугацаа хүний сонголт, шийдвэр гаргалтаас хамаарч тийм олон салааг цацдаг юм байх даа,... тухайн нөхцөл байдалд хэдэн сонголт, гарц байгаагаас хамаарч төдий хэмжээний цацраг үүссэн байдаг гэж үү...

Ямартаа ч болох юм болох цагтаа л болдог байх нь...

Өчигдөр шөнө...

Өчигдөр шөнө гэнэтхэн би нэг зүйлийг ойлголоо. Харамссан дурдатгалаа хөврүүлж байгаад харамсахгүй байж болох байсныг... "Урьдаас хэлж өгөөд байхад би гэж тэнэг юу ч ойлголгүй, ямар сонин юм бэ гэж бодоод явсан байдаг" гэж өөрийн эрхгүй дуу алдлаа. Үнэхээр надад хэлсэн, би ч харсан байгаа юм. Ой тойнд маань суутал, тогттол нь харуулсан шүү дээ. Ээ тэнэг гэж... яачихсан дүүрсэн толгой гэхээрээ иймхэн юмыг ойлгоогүй байдаг байна аа. Чиний үнэт эрдэнийг булаагаад аваад байхыг нь хараад байж хожмоо тэр үнэт эрдэнээ зүгээр өг гэхэд нь өгчихсөн байх юм. Даан ч дээ, тэгээд дараа нь араас нь харамсаж өөрөө өөрийгөө зүхэн суух гэж. Болдог бол бурхнаас буцааж өгөөч гэж гуйж байдаг. Бүх зүйл болдогоо болоод 1 жил, түүнээс ч өмнө бүр 2 жилийн хугацаа өнгөрчихөөд байхад шүү... тэнэг тэнэг дэндүү тэнэг...

Хойших бүх зүйл дээр үүнийг анзаарч байхаас, эргэж дахин харамсахгүйн тулд, тэгвэл харуулсан бусад бүх зүйлс хэзээ нэг өдөр биелэлээ олох нь ээ... Тэгвэл дараагийнх нь Нараагийн тухай байх нь... уул нь одоогийн байдлаар авч үзвэл тэр зүйл биелэх нь юу л бол доо, чадахгүй зүйл гэмээр санагдаад байна даа. Сонин л хэрэг... Харж байя...

Tuesday, May 18, 2010

үргэлжлэл... /Анхны хайр/

II

Үдэш бүр би буугаа барин цэцэрлэгээр хэсэж хэрээ намнадаг зуршилтай болсон юм. Энэхүү болгоомжтой, ховдог хомхой, муу зальтай шувууг би хэзээний үзэж чаддаггүй байв. Уг яриа болсон тэр єдєр би бас л цэцэрлэгийн модтой замаар дэмий хэсэж яваад (хэрээнүүд намайг мэддэг болчихоод, тэртээ холоос гуаглан бахирна) баруун жигүүрийн байшингийн араар ороосон тэдний цэцэрлэгийн нарийхан зурвас хэсгээс манай эзэмшлийг заагласан намхан хашаанд санамсаргүй ойртон очив. Толгой унжуулан явж байсан надад хүний дуу гэнэт сонсдон хашаан дээгүүр хараад хєшиж орхив… жигтэй юм үзэгдэх нь тэр.
Надаас хэдхэн алхмын цаана бєєрєлзгєний ногоон тєгєл дундахи цоорхойд судалтай ягаан пальтотай толгойгоо цагаан алчуураар боосон гоолиг охин зогсоно. Єєрийг нь тойрон зогссон дєрвєн залуугийн духыг, би нэрийг нь үл мэдэх харин багачууд тун сайн мэддэг жижигхэн бор цэцгээр ээлжлэн балбана. Бяцхан хүүдий мэт барьсан цэцэг нь духан дээр буухдаа пис пис хийсэн дуу гаргана. Нєгєє залуус духаа тун дуртайяа ойртуулан єгнє. Охины хєдєлгєєнд (би түүнийг хажуунаас нь харж байв) цаанаа л нэг таатай энхрий захирсан, дооглосон шинжтэйг хараад гайхаж бахдаснаас болж би арай л дуу алдчихсангүй, тэр сайхан дур булаам хурууг духандаа хүрүүлэхийн тулд юугаа ч хайрламгүй санагдав. Үүрч явсан буу гулсан ногоон дээр унаж бүхнийг умартан тэрхүү гоолиг цогцос, сайхан хүзүү, гар, цагаан алчуур дороос үл мэдэг цухуйсан цагаан шар үс, хагас аниастай ухаалаг нүд, урт сормуус, зєєлєн булбарай хацрыг нь нүдээ бүлтэртэл ширтэв…
- Залуу хүү, хүүе залуу хүү, хүний авгайг ингэж харж болдог юм уу? гэх нэг хүний дуу миний дэргэдхэн гэнэт сонсдов.
Би цочсондоо давхийж дуугүй гєлрєв… Хашааны цаад талд тайрмал богино үстэй нэг хүн зогсоод над руу ёжтойхон харж байна. Яг энэ мєчид нєгєє охин ч над руу эргэн харав. Хєдєлгєєнтэй байрын хєгжүүн царайд нь том гэгчийн бор нүд харагдана. Тэр гэнэт чичгэнэн инээж, танан цагаан шүд яралзан хємсгєє нэг л жогтой єргєв… Гэнэт сэтгэл хєєрєн газраас буугаа шүүрч аваад, хорон биш ч гэсэн хангинасан инээдээр үдүүлэн єрєєндєє гүйж ороод орон дээрээ савж ойчоод, гараараа нүүрээ даран хэвтэв. Зүрх учиргүй дэлсэж ичиж зовсон ч гэлээ тун хєгжүүн, урьд хожид байгаагүйгээр сэтгэл хєдєлсєн байв.
Жаахан амраад үсээ самнан, хувцсаа цэвэрлээд цайгаа уухаар доошоо буув. Залуу охины дүрс нүдэнд минь үзэгдэн зүрх дэлсэхээ больсон авч нэг л аятайхан сэтгэл євдєнє.
Чи чинь яачихав аа? Хэрээ агнаа юу? гэж гэнэт эцэг асуув.

Би бүгдийг яримаар байсан авч биеэ барьж дотроо инээмсэглэв. Унтахаар хэвтэхдээ, яагаад ч юм бүү мэд, нэг хєл дээрээ гурав дахин эргэж, анхилуун үнэртэй тос түрхээд үхсэн юм шиг бєх унтлаа. Үүрээр түр зуур сэрж толгойгоо єндийлгєєд эргэж орчноо тун баясгалантайгаар харчихаад дахиад унтав.

Анхны дурлал

И.С. ТУРГЕНЕВ


АНХНЫ ДУРЛАЛ


П.В. АННЕКОВТ ЄРГЄН БАРИВ


Зочид хэдийнээ таржээ. Цаг арван хоёр хагас цохив. Тасалгаанд гэрийн эзнээс гадна Сергей Николаевич, Владимир Петрович л хоцорсон байв. Гэрийн эзэн хонх цохиод хоолны үлдэгдлийг хураахыг тушаав. Тэгээд тэрээр
-За ингээд шийдэх шив дээ гээд түшлэгтэй сандалдаа лавхан сууж, сигари соронгоо, -Хүн бүр анхныхаа дурлалын тухай паянг ярих ёстой боллоо шүү. Одоо таны ээлж, Сергей Николаевич аа гэв. Булцгар цагаан царайт, махлагдуу Сергей Николаевич гэрийн эзэн рүү харснаа дараа нь адар єєд ширтэв.
-Надад анхны дурлал гэж байгаагүй. Шууд хоёр дахиас нь эхэлсэн юм гэж эцэст нь хэлэв.
-Яагаад тийм байдаг билээ?
-Их амархан. Анх удаагаа нэлээд аятайхан нэгэн охины хойноос хэсэгхэн зуур давхиад үзэхдээ би арван наймтай байлаа. Гэхдээ түүний хойноос тийнхүү давхиж явахдаа энэ маань чухам саяхны шинэхэн зүйл биш мэт байдал гарган түүнээс хожим нь ч бусад бүсгүйн хойноос эргүүлж явахдаа яг тийм байдаг байв. Үнэнийг хэлэхэд анхны бөгөөд эцсийнхээ удаа би зургаан настайдаа асрагч эмэгтэйдээ дурласан юм. Гэтэл энэ маань бүр дээр үеийн удаж байгаа хэрэг шүү дээ. Тэр үеийн тухай тодорхой санах юмгүй болж мартагджээ. Саналаа ч гэсэн энэ маань хэнд сонирхолтой байх билээ дээ?
-Тэгээд одоо яах вэ? гэж гэрийн эзэн хэлснээ
–Миний анхны дурлалд ч сонирхмоор зүйл бас л бага даа. Одоогийн гэргий Анна Ивановнатай танилцахаасаа өмнө би хэнд ч дурлаж байсангүй. Бидний хэрэг тун урагштай бүтсэн юм. Эцгүүд маань зуучлан ураг бололцоод бид хоёр ч гэсэн дорхноо бие биедээ хайр сэтгэлтэй болж төдөлгүй гэрлэсэн юм. Миний ярих юм хоёрхон үгэнд л багтана. Эрхмүүд минь, үнэнийг хэлэхэд анхны дурлалын тухай асуудал хөндөхдөө, настай гэхгүй ч гэсэн мєн залууд нь орохгүй гэрлээгүй та бүхэнд найдсан юм. Ингэхэд Владимир Петрович, та харин биднийг баясуулах юм биш биз дээ? гэв.
-Үнэндээ миний анхны дурлал ерийн гэмээргүй явдалд орж болох л юм гэж буурал сууж яваа хар үстэй дөч эргэм насны Владимир Петрович бага зэрэг түгдрэн хариулав.
-Өө! Харин бүр сайн… та яриач гэж гэрийн эзэн Сергей Николаевич хоёр нэгэн зэрэг дуу алдав.
-За тэгье.. эсвэл больдог ч юм уу даа. Ярихаа болъё. Би ярьж хєєрєхдєє чадамгай биш. Яриа маань ойлгомжгүй товчхон эсвэл хэт нуршсан гоомой болоод байдаг юмаа. Харин та нар зөвшөөрвөл санаснаа би бүгдийг дэвтэрт бичээд уншиж өгье.
Найзууд эхэндээ зөвшөөрөхгүй байсан боловч Владимир Петрович өөрийнхөөрөө болгов. Хоёр долоо хоногийн дараа тэд дахин уулзаж, Владимир, Петрович хэлснээ биелүүллээ. Дэвтэртээ доорхи зүйлийг бичжээ.

I

Тэр үед би арван зургаан настай байв. 1833 оны зун болсон хэрэг. Би эцэг эхтэйгээ Москвад суудаг байлаа. Манайх Калугийн боомтын ойролцоо Нескучнын цэцэрлэгийн тушаа хөлсний зуслантай байлаа. Их сургуульд орох бэлтгэл хийж байгаа нэртэй, хийсэн юмаар тун ч бага айвуу тайвуухан байдаг байжээ. Хэний ч хавчлага шахалтгүй бүрэн чөлөөтэй байдаг байв. Ялангуяа орос оронд гэнэт “дэлбэрэх бөмбөг шиг” унав гэсэн бодолдоо хэрхэвч дасахгүй байсан муухай царайлан өдөржингөө орондоо хөлбөрдөг сүүлчийнхээ асрагч францаа явуулсанаас хойш би чухам юу ч хийсэн боломжтой, дураараа болсон билээ. Эцэг маань надтай эелдэг боловч тоомсоргүй харьцаатай, ээж бол надаас өөр хүүхэдгүй атлаа намайг бараг хайхарч халамжилдаггүй, шал өөр зүйлд санаа нь зовдог байсан юм. Миний эцэг цэвэрхэн, залуу, сайхан эр, ээжтэй сэтгэлээр биш хөрөнгөнд нь болж өөрөөсөө арав эгч түүнтэй гэрлэжээ. Ээж минь гунигтай амьдардаг байсан юм. Сэтгэл нь үргэлж догдлон зовуурилж, эцгийг хардаж уурладаг байсан боловч нүүрэн дээр нь түүнээ гаргадаггүй байв. Ээж, ааваас маш эмээдэг мєн аав ч өөрт нь ширүүн, хөндий… ханддаг байв. Миний эцэг шиг тийм гол шиг айван тайван, биедээ эрэмшсэн зоргоороо хүнийг би хэзээ ч үзсэнгүй. Зусланд өнгөрүүлсэн эхний хэдэн долоо хоногийг би хэзээ ч мартахгүй. Тэнгэр тун сайхан. Бид хотоос тавдугаар сарын есөнд яг Киолай хутагтын дүйцэн өдөр нүүж ирэв. Зуслангийнхаа эсвэл Нескучнын цэцэрлэгээр, заримдаа боомтын цаагуур зугаалдаг байв. Кайдановын сурах бичиг ч юм уу эсвэл ямар нэгэн ном авдаг боловч дэлгэж үздэг удаа тун цөөхөн, харин голд уул урьд цээжилсэн олон шүлэгнээсээ өндөр дуугаар уншина. Сэтгэл хөөрөн зүрх нэг л тааламжтай эгдүү хүрэм ёгхийж, би нэг л юм хүлээгээд чухам юунаас ч юм зүрхшээгээд байгаа юм шиг бүхнийг хачирхан сонирхон юунаас ч буцахгүй юм бүхэнд бэлэн байв. Үүрээр тэмээн хараацай сүмийн хонхыг тойрон нисдэг шиг мөрөөдөл, бодол санаа минь нөгөө л сэтгэлд ургасан үзэгдлийг тойрон наадаж эргэлдэнэ. Би нэг хэсэгтээ бодлого болон гуниглан уйтгарлаж уйлж хайлдаг байлаа. Уянгат сайхан шүлэг ч юмуу үдшийн гоо сайханд автагдан сэтгэл уярснаас болж асгаруулсан нулимс уйтгарын хажуугаар хавар цагийн ногоо мэт оргилсон залуу амьдралын баясгалант сэтгэл төрдөг байжээ. Би морьтой байсан юм. Түүнийгээ өөрөө эмээллээд ганцаар аль болох холхон явж, өөрийгөө чадал шалгасан тэмцээнд оролцож байгаа хөлөг-баатар хэмээн сэтгэж, морио давиран давхихад салхи чих рүү минь юутай хєгжүүн үлээдэг байв даа! Эсвэл нүүрээ тэнгэр єєд чиглүүлэн номин цэнхэр огторгуйг тэр чигээр нь сэтгэлдээ буулган авдаг байв. Тэр үед эмэгтэй хүний дүр, эмэгтэй хүний хайр дурлалын тухай ямар нэгэн тодорхой дүрслэлээр ухаан санаанд минь хэзээ ч буудаггүй байсныг санаж байна. Гэтэл сэтгэн бодож байсан юм бүхэнд мэдрэн байгаа юм бүхэнд маань ямар нэгэн шинэ зүйл, өгүүлж баршгүй амттай, нэг л таатай, эмэгтэй хүний гэмээр дутуу хагас ухамсарласан, ичмээр ч юм шиг ямар нэг далд совин нуугдаж байгааг мэдэрдэг байлаа. Энэ совин энэ хүлээсэн зүйл, миний бүх бие цогцост нэвтрэн, би түүгээр амьсгалан, цусны минь дусал бүрд нэвтрэн урсаж… удалгүй биеллээ олох хувь тавилантай байжээ. Манай зуслан баячуудын суудаг, багана бүхий нэг дүнзэн байшин, мөн хоёр намхан, жигүүрийн байшинтай байв. Зүүн жигүүрийн байшинд туурганы хямд үнэтэй цаас хийдэг бяцхан үйлдвэр байдаг байв… Тос толбо болсон халтар халаадтай, зүдэрсэн царайтай, эцэнхий, сэгсгэр үстэй арваад бяцхан хөвүүн хэвлэдэг машины дөрвөлжин тайрдсуудыг шахдаг модон хөшүүрэг дээр байн байн үсрэн гарч эцэнхий биеийнхээ хар хүчээр уг цаасан дээр алаг эрээн хээг барлахыг үзэхээр би олонтаа очно. Баруун жигүүрийн байшин хоосон тул хөлслөхөөр болжээ. Таван сарын еснөөс хойш гурван долоо хоносны дараа нэгэн өдөр тэр байшингийн цонхны хаалт нээгдэж, эмэгтэй хүний царай үзэгдэн нэгэн айл орсон байлаа. Үдийн хоолны үеэр ээж гэрийн ахлах зарцаас манай шинэ хөрш ямар улс болохыг асуусныг санаж байна. Ноён Засекины хатан гэдгийг сонсоод эхлээд ээж нэлээд хүндэтгэмээр маягтай: “Аа ноёны хатан уу… гэснээ – Бодвол ядуухандуу юм болов уу даа” гэж билээ.
-Хөлсний гурван тэргээр ирсэн шүү гэж гэрийн ахлах зарц, тавагтай хоолыг хүндэтгэн барих зуураа хэлээд,
-Өөрийн уналгагүй мөн гэрийн тавилга ч гэсэн авах юмгүй хоосон.. гэж нэмэв.
-Өө тийм үү, уг нь ч зүгээр л юм даа гэж ээж хэлэв.
Эцэг, ээж өөд хүйтнээр харсанд цаадхи нь дуугүй болов. Үнэхээр ч Засекин ноёны хатан баян чинээлэг биш гэдэг нь хөлсөлж авсан байшингий нь харахад илэрхий. Хуучирч өмхөрсөн, давчуу, намхан ийм байшинд арай жаахан чинээлэг шиг улс бол суухааргүй байсан юм. Тэрхэн үедээ эл яриаг чихнийхээ хажуугаар өнгөрүүлсэн юм. Ноён гэдэг хэргэмийг нэг их тоогоогүйн учир нь бий Шиллерийн “Дээрэмчин” зохиолыг дөнгөж саяхан уншсан байлаа.