Showing posts with label Яруу найраг. Show all posts
Showing posts with label Яруу найраг. Show all posts

Tuesday, May 18, 2010

Анхны дурлал

И.С. ТУРГЕНЕВ


АНХНЫ ДУРЛАЛ


П.В. АННЕКОВТ ЄРГЄН БАРИВ


Зочид хэдийнээ таржээ. Цаг арван хоёр хагас цохив. Тасалгаанд гэрийн эзнээс гадна Сергей Николаевич, Владимир Петрович л хоцорсон байв. Гэрийн эзэн хонх цохиод хоолны үлдэгдлийг хураахыг тушаав. Тэгээд тэрээр
-За ингээд шийдэх шив дээ гээд түшлэгтэй сандалдаа лавхан сууж, сигари соронгоо, -Хүн бүр анхныхаа дурлалын тухай паянг ярих ёстой боллоо шүү. Одоо таны ээлж, Сергей Николаевич аа гэв. Булцгар цагаан царайт, махлагдуу Сергей Николаевич гэрийн эзэн рүү харснаа дараа нь адар єєд ширтэв.
-Надад анхны дурлал гэж байгаагүй. Шууд хоёр дахиас нь эхэлсэн юм гэж эцэст нь хэлэв.
-Яагаад тийм байдаг билээ?
-Их амархан. Анх удаагаа нэлээд аятайхан нэгэн охины хойноос хэсэгхэн зуур давхиад үзэхдээ би арван наймтай байлаа. Гэхдээ түүний хойноос тийнхүү давхиж явахдаа энэ маань чухам саяхны шинэхэн зүйл биш мэт байдал гарган түүнээс хожим нь ч бусад бүсгүйн хойноос эргүүлж явахдаа яг тийм байдаг байв. Үнэнийг хэлэхэд анхны бөгөөд эцсийнхээ удаа би зургаан настайдаа асрагч эмэгтэйдээ дурласан юм. Гэтэл энэ маань бүр дээр үеийн удаж байгаа хэрэг шүү дээ. Тэр үеийн тухай тодорхой санах юмгүй болж мартагджээ. Саналаа ч гэсэн энэ маань хэнд сонирхолтой байх билээ дээ?
-Тэгээд одоо яах вэ? гэж гэрийн эзэн хэлснээ
–Миний анхны дурлалд ч сонирхмоор зүйл бас л бага даа. Одоогийн гэргий Анна Ивановнатай танилцахаасаа өмнө би хэнд ч дурлаж байсангүй. Бидний хэрэг тун урагштай бүтсэн юм. Эцгүүд маань зуучлан ураг бололцоод бид хоёр ч гэсэн дорхноо бие биедээ хайр сэтгэлтэй болж төдөлгүй гэрлэсэн юм. Миний ярих юм хоёрхон үгэнд л багтана. Эрхмүүд минь, үнэнийг хэлэхэд анхны дурлалын тухай асуудал хөндөхдөө, настай гэхгүй ч гэсэн мєн залууд нь орохгүй гэрлээгүй та бүхэнд найдсан юм. Ингэхэд Владимир Петрович, та харин биднийг баясуулах юм биш биз дээ? гэв.
-Үнэндээ миний анхны дурлал ерийн гэмээргүй явдалд орж болох л юм гэж буурал сууж яваа хар үстэй дөч эргэм насны Владимир Петрович бага зэрэг түгдрэн хариулав.
-Өө! Харин бүр сайн… та яриач гэж гэрийн эзэн Сергей Николаевич хоёр нэгэн зэрэг дуу алдав.
-За тэгье.. эсвэл больдог ч юм уу даа. Ярихаа болъё. Би ярьж хєєрєхдєє чадамгай биш. Яриа маань ойлгомжгүй товчхон эсвэл хэт нуршсан гоомой болоод байдаг юмаа. Харин та нар зөвшөөрвөл санаснаа би бүгдийг дэвтэрт бичээд уншиж өгье.
Найзууд эхэндээ зөвшөөрөхгүй байсан боловч Владимир Петрович өөрийнхөөрөө болгов. Хоёр долоо хоногийн дараа тэд дахин уулзаж, Владимир, Петрович хэлснээ биелүүллээ. Дэвтэртээ доорхи зүйлийг бичжээ.

I

Тэр үед би арван зургаан настай байв. 1833 оны зун болсон хэрэг. Би эцэг эхтэйгээ Москвад суудаг байлаа. Манайх Калугийн боомтын ойролцоо Нескучнын цэцэрлэгийн тушаа хөлсний зуслантай байлаа. Их сургуульд орох бэлтгэл хийж байгаа нэртэй, хийсэн юмаар тун ч бага айвуу тайвуухан байдаг байжээ. Хэний ч хавчлага шахалтгүй бүрэн чөлөөтэй байдаг байв. Ялангуяа орос оронд гэнэт “дэлбэрэх бөмбөг шиг” унав гэсэн бодолдоо хэрхэвч дасахгүй байсан муухай царайлан өдөржингөө орондоо хөлбөрдөг сүүлчийнхээ асрагч францаа явуулсанаас хойш би чухам юу ч хийсэн боломжтой, дураараа болсон билээ. Эцэг маань надтай эелдэг боловч тоомсоргүй харьцаатай, ээж бол надаас өөр хүүхэдгүй атлаа намайг бараг хайхарч халамжилдаггүй, шал өөр зүйлд санаа нь зовдог байсан юм. Миний эцэг цэвэрхэн, залуу, сайхан эр, ээжтэй сэтгэлээр биш хөрөнгөнд нь болж өөрөөсөө арав эгч түүнтэй гэрлэжээ. Ээж минь гунигтай амьдардаг байсан юм. Сэтгэл нь үргэлж догдлон зовуурилж, эцгийг хардаж уурладаг байсан боловч нүүрэн дээр нь түүнээ гаргадаггүй байв. Ээж, ааваас маш эмээдэг мєн аав ч өөрт нь ширүүн, хөндий… ханддаг байв. Миний эцэг шиг тийм гол шиг айван тайван, биедээ эрэмшсэн зоргоороо хүнийг би хэзээ ч үзсэнгүй. Зусланд өнгөрүүлсэн эхний хэдэн долоо хоногийг би хэзээ ч мартахгүй. Тэнгэр тун сайхан. Бид хотоос тавдугаар сарын есөнд яг Киолай хутагтын дүйцэн өдөр нүүж ирэв. Зуслангийнхаа эсвэл Нескучнын цэцэрлэгээр, заримдаа боомтын цаагуур зугаалдаг байв. Кайдановын сурах бичиг ч юм уу эсвэл ямар нэгэн ном авдаг боловч дэлгэж үздэг удаа тун цөөхөн, харин голд уул урьд цээжилсэн олон шүлэгнээсээ өндөр дуугаар уншина. Сэтгэл хөөрөн зүрх нэг л тааламжтай эгдүү хүрэм ёгхийж, би нэг л юм хүлээгээд чухам юунаас ч юм зүрхшээгээд байгаа юм шиг бүхнийг хачирхан сонирхон юунаас ч буцахгүй юм бүхэнд бэлэн байв. Үүрээр тэмээн хараацай сүмийн хонхыг тойрон нисдэг шиг мөрөөдөл, бодол санаа минь нөгөө л сэтгэлд ургасан үзэгдлийг тойрон наадаж эргэлдэнэ. Би нэг хэсэгтээ бодлого болон гуниглан уйтгарлаж уйлж хайлдаг байлаа. Уянгат сайхан шүлэг ч юмуу үдшийн гоо сайханд автагдан сэтгэл уярснаас болж асгаруулсан нулимс уйтгарын хажуугаар хавар цагийн ногоо мэт оргилсон залуу амьдралын баясгалант сэтгэл төрдөг байжээ. Би морьтой байсан юм. Түүнийгээ өөрөө эмээллээд ганцаар аль болох холхон явж, өөрийгөө чадал шалгасан тэмцээнд оролцож байгаа хөлөг-баатар хэмээн сэтгэж, морио давиран давхихад салхи чих рүү минь юутай хєгжүүн үлээдэг байв даа! Эсвэл нүүрээ тэнгэр єєд чиглүүлэн номин цэнхэр огторгуйг тэр чигээр нь сэтгэлдээ буулган авдаг байв. Тэр үед эмэгтэй хүний дүр, эмэгтэй хүний хайр дурлалын тухай ямар нэгэн тодорхой дүрслэлээр ухаан санаанд минь хэзээ ч буудаггүй байсныг санаж байна. Гэтэл сэтгэн бодож байсан юм бүхэнд мэдрэн байгаа юм бүхэнд маань ямар нэгэн шинэ зүйл, өгүүлж баршгүй амттай, нэг л таатай, эмэгтэй хүний гэмээр дутуу хагас ухамсарласан, ичмээр ч юм шиг ямар нэг далд совин нуугдаж байгааг мэдэрдэг байлаа. Энэ совин энэ хүлээсэн зүйл, миний бүх бие цогцост нэвтрэн, би түүгээр амьсгалан, цусны минь дусал бүрд нэвтрэн урсаж… удалгүй биеллээ олох хувь тавилантай байжээ. Манай зуслан баячуудын суудаг, багана бүхий нэг дүнзэн байшин, мөн хоёр намхан, жигүүрийн байшинтай байв. Зүүн жигүүрийн байшинд туурганы хямд үнэтэй цаас хийдэг бяцхан үйлдвэр байдаг байв… Тос толбо болсон халтар халаадтай, зүдэрсэн царайтай, эцэнхий, сэгсгэр үстэй арваад бяцхан хөвүүн хэвлэдэг машины дөрвөлжин тайрдсуудыг шахдаг модон хөшүүрэг дээр байн байн үсрэн гарч эцэнхий биеийнхээ хар хүчээр уг цаасан дээр алаг эрээн хээг барлахыг үзэхээр би олонтаа очно. Баруун жигүүрийн байшин хоосон тул хөлслөхөөр болжээ. Таван сарын еснөөс хойш гурван долоо хоносны дараа нэгэн өдөр тэр байшингийн цонхны хаалт нээгдэж, эмэгтэй хүний царай үзэгдэн нэгэн айл орсон байлаа. Үдийн хоолны үеэр ээж гэрийн ахлах зарцаас манай шинэ хөрш ямар улс болохыг асуусныг санаж байна. Ноён Засекины хатан гэдгийг сонсоод эхлээд ээж нэлээд хүндэтгэмээр маягтай: “Аа ноёны хатан уу… гэснээ – Бодвол ядуухандуу юм болов уу даа” гэж билээ.
-Хөлсний гурван тэргээр ирсэн шүү гэж гэрийн ахлах зарц, тавагтай хоолыг хүндэтгэн барих зуураа хэлээд,
-Өөрийн уналгагүй мөн гэрийн тавилга ч гэсэн авах юмгүй хоосон.. гэж нэмэв.
-Өө тийм үү, уг нь ч зүгээр л юм даа гэж ээж хэлэв.
Эцэг, ээж өөд хүйтнээр харсанд цаадхи нь дуугүй болов. Үнэхээр ч Засекин ноёны хатан баян чинээлэг биш гэдэг нь хөлсөлж авсан байшингий нь харахад илэрхий. Хуучирч өмхөрсөн, давчуу, намхан ийм байшинд арай жаахан чинээлэг шиг улс бол суухааргүй байсан юм. Тэрхэн үедээ эл яриаг чихнийхээ хажуугаар өнгөрүүлсэн юм. Ноён гэдэг хэргэмийг нэг их тоогоогүйн учир нь бий Шиллерийн “Дээрэмчин” зохиолыг дөнгөж саяхан уншсан байлаа.

Wednesday, May 5, 2010

Өврийн дэвтрээс...

Зүрх минь зүүгээр шивэгдэх шиг болохыг
Нэг л удаа мэдэрсэн
Зүгээр л өнгөрөх төдийд мэдэрсэн
Угаасаа л тийм шүү дээ гэж бодсон ч
Өөрийн эрхгүй л зүрх минь тэгэхэд л шархалсан...

Алс хол одсон, сураг чимээ тасарсан
Гомдсон сэтгэл, яахаа мэдэхээ байсан сэтгэлийг уучилж чадаагүй ээ
Амьдралыг тэр амслаа, үзлээ, гашуун амтгүй санагдсан
Аз жаргалд итгэхээ больсон, итгэл сэтгэлийг хаанаас ч олоогүй.
Яахаа мэдэхээ байсан сэтгэл, харин
Яагаа бол...

Өврийн дэвтрээс...

Хайрлах сэтгэлийг жолоодож болдогсон бол
Чамд л би өгөхсөн.
Хайрлаагүйнхээ төлөө буруутан болдог бол
Хатуу гэхэд дэндүү хатуу хорвоо юм даа...

Магадгүй...
Чи бол өдөр, би бол шөнө
Чи бол наран, би бол саран
Тийм болохоор...
Бидний зам хэзээ ч огтлолцож чадахгүй
Зэрэгцээ хоёр шулуун юм даа...

Чамд гомдсон сэтгэл, баярласнаасаа их
Чамайг гэсэн сэтгэл минь намайг гэснээс чинь их
Чин үнэнч сэтгэл минь чиний надад өгснөөс их
Чи минь даанч харалган юм даа, энэ бүхнийг хардаггүй...

Өврийн дэвтрээс...

Миний дэргэд худал оршиж
Чиний дэргэд үнэн оршиж
Үнэн худлын хооронд
Өдөр шөнийн ялгаа оршиж байдаг юм бол
Чи бидний дунд төдий...

Үнэн худал хоёр хэзээ ч нэгдэж чаддаггүй
Үргэлж бие биенээ үгүйсгэж байдаг гэдэг нь
Үгүйсгэл үгүйсгэлийн хуулиар
Батлагдсан үнэн юм.

Өврийн дэвтрээс...

Би бол би биш
Би бол биегүй хоосон
Би бол үл оршигч
Би бол хумхын тоос...

Гэвч нэгэн цагт би
Өөр нэгэн байсан байж магад
Харин хэзээ тийм байсан гэдгээ
Өөрөө ч санахгүй явнам...

Tuesday, February 10, 2009

Дөрвөн мөрт

Уучлахыг хүссэн зүрхийг минь
Учрахыг мөрөөссөн зүүдийг минь
Амжиж одоо л ганцхан удаа бодож үз
Гуйя,... хайртай шүү, чамдаа

Үнсэлтээ тань руу уул шиг нүүлгэлээ
Үнэнчээр тань дээр бороо шиг асгараг
Гараас чинь холдвол төөрч мэдэх
Ганцхан миний хайр байгаач...

Дөрвөн мөрт

Хан хорвоог сэтгэлээрээ ариусгаж
Хайртай хүнээ итгэлээрээ татаж
Хатуу амьдралыг ухаанаараа жолоодож
Харин өөрийгөө инээмсэглэлээрээ чимэж яваарай.

Тэвчихэд бэрх аашийг минь
Тэсэхэд хэцүү зөрүүдийг минь
Тэнгэр мэт уучилдаг
Тэр л сэтгэлд чинь би итгэдэг.

Сар нь оддыгоо бүүвэйлэг
Сэтгэл нь зүрхээ бүүвэйлэг
Хайр нь дурлалаа бүүвэйлэг
Харин найз нь чамайгаа бүүвэйлэе.
Бүүвэй бүүвэй зүүдэн хорвоо минь
Бүүвэй бүүвэй амин зүрх минь

Дөрвөн мөрт

Элэг бүтэн жаргалын төлөө
Итгэл даах хайрын төлөө
Эрүүл амьдрах хүслийн төлөө
Ирээдүйд тэмүүлэх зорилгын төлөө, урагшаа...

Итгэл, сэтгэл, эрхэм зорилго нэг л байдаг юм, надад...

2008.08.24 22:52

Дөрвөн мөрт

Мөнгөн хундага усаар дүүрэн
Мөнхийн сэтгэл хайраар дүүрэн
Болор хундага дарсаар дүүрэн
Бодол санаа минь чамаар дүүрэн...

2008.12.22 22:48

Зүгээр л чамд хайртай гэж шивнэнэ...

Шүүдрийн дусал хаттал чамайг л би хайрлахсан
Шүлгийн мөр холбон чамд л би дурласан
Өдрийн бодол болж чамайг л би бодсон
Өөрөө ч мэдэлгүй шөнөжин зүүдэлсэн...

Зүрхэнд харвасан дурлалын сумыг
Зүүдэндээ би далавч болгоод
Зүггүй чинийхээ зүүдэнд хальж
Зүгээр л чамд хайртай гэж шивнэнэ, чи сэрвээ...

Мартахгүй...

Ариухан сэтгэлд чинь хөнгөн гуниг төрвөл яриарай, нимэглэе.
Хархан нүднээс чинь сувдан нулимс дусвал хэлээрэй, арчия.
Сайхан сэтгэлд чинь сэв суувал мессеж бичээрэй, аргадая.
Хэзээ нэгэн цагт та намайг санавал залгаарай, би очъё...

Сэтгэлд минь гуниг төрвөл, чам руу л би яръя.
Сэм сэмхэн дуслах нулимс гарвал, чамд л би хэлье.
Сэв сууж зүрх минь шархалбал, чамд л би бичье.
Сүүдэртээ даарч ганцаардвал, чам руу л би залгая,
Тэр цагт чи урьд нэгэн удаа тавьж байсан саналаа
Эргэн нэг санаарай...

Sunday, June 22, 2008

Би түүнийг мэддэг, бас мэддэггүй

Тэр их гомдомхой...
Гэхдээ гомдсоноо нуудаг
Нуухдаа тэр дуугүй болчихдог
Эсвэл тэр дуу муутай, цөөхөн үгтэй болчихдог
Гэхдээ л би түүний гомдсоныг нь мэддэг.
Тэр их тэвчээртэй...
Түүнийг яаж ч хүлээлгэсэн
Тэр ирэн иртэл л хүлээдэг
Уурлаж, хэдэн үг хэлэхэд ч
Уцаарлаж бухимдаад байдаггүй
Түүнийг тэвчээртэйг нь би мэддэг.
Тэр их сайхан сэтгэлтэй...
Уйлж суухад минь аргаддаг
Уйтгарлаж суухад минь хөгжөөдөг
Урам хугарсан үед минь зоригжуулдаг
Туслаач гэхэд тусалдаг
Түүний сайхан сэтгэлтэйг би мэддэг.
Тэр их ухаалаг...
Гэхдээ тэр их даруухан
Харин тэр их зориг муутай
Гэхдээ л хүлээцтэй
Түүний ямар хүнийг би мэддэг
Тиймдээ ч би түүнийг хайрладаг
Түүний ямар хүсэлтэйг би мэддэг
Тиймдээ ч би түүний хүсэл биелээсэй гэж хүсдэг
Түүний ямар мөрөөдөлтэйг би мэддэг
Тиймдээ ч би түүнд сайн сайхныг хүсдэг.
Гэвч би нэг л зүйлийг л ойлгодоггүй...
Тэр хэзээ ч энэ тухайгаа хэлж байгаагүй...
Бас асуусан ч гэсэн хариулж байгаагүй юм...


Thursday, June 19, 2008

Тэр ингэж хэлсэн...

Та сонс доо, таны цээжин дотор нэгэн амь буй
Түг түг түг түг
Нэгэн хэмнэлээр цохилж байна уу
Тэгвэл таны зүрх эрүүл тайван байна
Гэвч тэр үргэлж ийм байдаггүй
Тэр заримдаа уйлж, заримдаа инээж, бас уурлаж
Тэр ч бүү хэл заримдаа тэр бас айдаг
Түүний инээх нь сайхан, уурлах нь аймшигтай
Харин уйлах нь өхөөрдмөөр боловч
Айх нь өрөвдмөөр...
Хүн өөрөө л ийм, түүнийг дагаад зүрх ч мөн адил
Инээх үедээ эрч хүчийг, урам зоригийг олж авдаг бол
Уурлах үедээ өвчин зовлон, стрессийг л олж авдаг, тэгвэл
Уйлах үедээ гомдол, ухаарал
Айсан үедээ гэмшилийг мэдэрдэг.
Тэр амьдарч бас үхдэг
Тэр бүхнийг ойлгож бас мэдэрдэг
Түүнд эрүүл амьдрах л сайхан байдаг
Тэр нь
Түг түг түг түг
Нэгэн хэмнэл
Хэмнэлийн түргэн цохилт түүнд
Таалагддаггүй, бас удаан цохилт
Тэр хүйтэнд дургүй
Халуунд дуртай, гэхдээ 36,5 градуст
Тэр үүнийг л ойлгуулахыг
Ийм л байхыг хүсдэг...гэнэ лээ

Monday, February 18, 2008

Чин сэтгэлийн яриа...

-Чи юунд итгэж найдаж ингэж байгаа юм бэ?
-Юм юманд л найдаж итгэж...
-Тэгээд үр дүн гарна гэж бодож байна уу?
-Гарна л гэж бодож байна.
-Тэгээд чи хэдий болтол үр дүн гарна гэж найдах гэж байгаа юм бэ?
-Бүх л хугацаанд...
-Тэгээд чиний хувьд энэ бүх л хугацаанд найдаж байгаагийн чинь үр дүн нь юу байх ёстой юм бэ?
-Бүх л юм байна...
-Тийм олон зүйл байгаа юм уу?... надад чамд өгч чадах тийм олон зүйл байхгүй шүү дээ...
-Тийм... Байгаа л гэж бодож байна...
-Чи тэгээд надаас юу авахыг хүсэж байгаа юм бэ?
-Хэлээд хүлээж авахгүй биз дээ...
-Тэгж бодож байгаа юм бол яагаад найдаад суугаа юм бэ?
-....

Wednesday, February 13, 2008

Буруугүй шүү дээ...

Утас дуугарлаа.
-Байна уу?
-Хаана байгаа юм бэ? /ихэд ууртай дуу гарлаа/
-Гадаа явж байнаа. /гайхлаа/
-Яагаад утасаа авахгүй байгаа юм бэ? /бас л ууртай л дуу.../
-Харин гадаа явж байгаа болохоор сонссонгүй. /сандарч эхэллээ/
-Хэнтэй явж байгаа юм бэ? /бүр ч ууртай дуу.../
-Нэг найзтайгаа явж байнаа, гэрийнхээ ойролцоо /айж түгшиж эхэллээ/
-Ямар найз, эрэгтэй юм уу, эмэгтэй юм уу? / аймшигтай дуу... бүр чангарлаа/
-.... /аймаар уурласан, хардсан ийм асуултуудаар дарсан дуунаас айсандаа юу ч дуугарч чадсангүй/ утасаа тасаллаа.
Утас дахиж дуугарсангүй.
Найзаасаа салаад гэртээ харилаа.
Сэтгэл айдсаар дүүрэн. Тайвширч чаддаггүй ээ,
Халуун цай уугаад ч нэмэр алга.
Орондоо орлоо, унтаж чадаагүй юм.
Тэр өдрийг хүртэл хэнээр ч ингэж хэлүүлж, асуулгаж байсангүй. Аймаар л байдаг юм байна. 9-р сарын 30
Утсанд мессеж ирлээ....

Бодрол

Өрөөнд нам гүм
Хааяахан тогших гарын товчлуур
Чаг чаг хийх бугуйн цагны чимээ
Чихэнд сонсогдоод л...
Уйтгартай ч юм шиг, харин ч сайхан ч юм шиг,
Цаг харлаа, 3 өнгөрч байна
Юу хийх ёстой билээ, аа тийм энийг дуусгана
Цаг харлаа, 4 өнгөрч байна
Кофе уумаар байх чинь, халууныг шүү
Хүмүүс ороод л, гараад л, яриад л, сонсоод л,
Цаг харлаа, 5 өнгөрч байна
Удахгүй ажил тарах нь ээ, ажлаа дуусгалгүй горьгүй нь
Цаг харлаа, 7 өнгөрч байна
Өнөөдөр биш байжээ, харамсалтай л юм, магадгүй маргааш л байх, одоо ч харий даа...

Бодрол

-Өнөөдөр нэг л зэврүүн байх чинь,
-Даараа юу?
-Харин тийм ээ, жихүүдэс хүрэх шиг
-Юм өмсөх үү?
-Үгүй ээ, хэрэггүй, харин дэргэд минь суугаач, мөрийг чинь түшье, дургүйцэхгүй биз дээ?
-Яалаа гэж дээ, /суув./
-Гоё юм ярих уу?
-Юу ярих уу?
-Юу ч яах вэ? Эсвэл зүгээр л чимээгүй сууж бодол болох уу?
-Яасан ч яахав, чиний л хүслээр болог.
-Тэгвэл хоёулаа, чив чимээгүй жаахан сууяа...
-Тэгье..

Бодрол

Цонхоор харлаа.
Замаар машинууд, хашааны хажуугаар хүмүүс хөлхөлдөнө.
-Тэд хаашаа явж байгаа юм бол....
-Асуух уу?
-Харин ээ, хэрэг байна уу даа, Мэдээж нэг газар очих л гэж байгаа байх.
-Чи явахгүй юм уу?
-Хаашаа?
-Тэдэнтэй адил хаа нэг газар руу...
-Яах гэж тэр билээ?
-Мэдэхгүй ээ,
-Харин ээ.....
Замаар машинууд, хашааны хажуугаар хүмүүс хөлхөлдөнө.
Цонхны цаана ийм л дүр зураг...

Monday, October 8, 2007

Гудамжаар би алхах дуртай...


Гудамжаар би алхах дуртай
Гуниг туссан сэтгэлээ онгичин
Өнгөрсөн бүхнийг ирээдүйтэй холбон
Өөрөө өөртөөн зэмлэл хүлээлгэн
Гудамжаар би алхах дуртай…