Tuesday, May 18, 2010

үргэлжлэл... /Анхны хайр/

II

Үдэш бүр би буугаа барин цэцэрлэгээр хэсэж хэрээ намнадаг зуршилтай болсон юм. Энэхүү болгоомжтой, ховдог хомхой, муу зальтай шувууг би хэзээний үзэж чаддаггүй байв. Уг яриа болсон тэр єдєр би бас л цэцэрлэгийн модтой замаар дэмий хэсэж яваад (хэрээнүүд намайг мэддэг болчихоод, тэртээ холоос гуаглан бахирна) баруун жигүүрийн байшингийн араар ороосон тэдний цэцэрлэгийн нарийхан зурвас хэсгээс манай эзэмшлийг заагласан намхан хашаанд санамсаргүй ойртон очив. Толгой унжуулан явж байсан надад хүний дуу гэнэт сонсдон хашаан дээгүүр хараад хєшиж орхив… жигтэй юм үзэгдэх нь тэр.
Надаас хэдхэн алхмын цаана бєєрєлзгєний ногоон тєгєл дундахи цоорхойд судалтай ягаан пальтотай толгойгоо цагаан алчуураар боосон гоолиг охин зогсоно. Єєрийг нь тойрон зогссон дєрвєн залуугийн духыг, би нэрийг нь үл мэдэх харин багачууд тун сайн мэддэг жижигхэн бор цэцгээр ээлжлэн балбана. Бяцхан хүүдий мэт барьсан цэцэг нь духан дээр буухдаа пис пис хийсэн дуу гаргана. Нєгєє залуус духаа тун дуртайяа ойртуулан єгнє. Охины хєдєлгєєнд (би түүнийг хажуунаас нь харж байв) цаанаа л нэг таатай энхрий захирсан, дооглосон шинжтэйг хараад гайхаж бахдаснаас болж би арай л дуу алдчихсангүй, тэр сайхан дур булаам хурууг духандаа хүрүүлэхийн тулд юугаа ч хайрламгүй санагдав. Үүрч явсан буу гулсан ногоон дээр унаж бүхнийг умартан тэрхүү гоолиг цогцос, сайхан хүзүү, гар, цагаан алчуур дороос үл мэдэг цухуйсан цагаан шар үс, хагас аниастай ухаалаг нүд, урт сормуус, зєєлєн булбарай хацрыг нь нүдээ бүлтэртэл ширтэв…
- Залуу хүү, хүүе залуу хүү, хүний авгайг ингэж харж болдог юм уу? гэх нэг хүний дуу миний дэргэдхэн гэнэт сонсдов.
Би цочсондоо давхийж дуугүй гєлрєв… Хашааны цаад талд тайрмал богино үстэй нэг хүн зогсоод над руу ёжтойхон харж байна. Яг энэ мєчид нєгєє охин ч над руу эргэн харав. Хєдєлгєєнтэй байрын хєгжүүн царайд нь том гэгчийн бор нүд харагдана. Тэр гэнэт чичгэнэн инээж, танан цагаан шүд яралзан хємсгєє нэг л жогтой єргєв… Гэнэт сэтгэл хєєрєн газраас буугаа шүүрч аваад, хорон биш ч гэсэн хангинасан инээдээр үдүүлэн єрєєндєє гүйж ороод орон дээрээ савж ойчоод, гараараа нүүрээ даран хэвтэв. Зүрх учиргүй дэлсэж ичиж зовсон ч гэлээ тун хєгжүүн, урьд хожид байгаагүйгээр сэтгэл хєдєлсєн байв.
Жаахан амраад үсээ самнан, хувцсаа цэвэрлээд цайгаа уухаар доошоо буув. Залуу охины дүрс нүдэнд минь үзэгдэн зүрх дэлсэхээ больсон авч нэг л аятайхан сэтгэл євдєнє.
Чи чинь яачихав аа? Хэрээ агнаа юу? гэж гэнэт эцэг асуув.

Би бүгдийг яримаар байсан авч биеэ барьж дотроо инээмсэглэв. Унтахаар хэвтэхдээ, яагаад ч юм бүү мэд, нэг хєл дээрээ гурав дахин эргэж, анхилуун үнэртэй тос түрхээд үхсэн юм шиг бєх унтлаа. Үүрээр түр зуур сэрж толгойгоо єндийлгєєд эргэж орчноо тун баясгалантайгаар харчихаад дахиад унтав.

Анхны дурлал

И.С. ТУРГЕНЕВ


АНХНЫ ДУРЛАЛ


П.В. АННЕКОВТ ЄРГЄН БАРИВ


Зочид хэдийнээ таржээ. Цаг арван хоёр хагас цохив. Тасалгаанд гэрийн эзнээс гадна Сергей Николаевич, Владимир Петрович л хоцорсон байв. Гэрийн эзэн хонх цохиод хоолны үлдэгдлийг хураахыг тушаав. Тэгээд тэрээр
-За ингээд шийдэх шив дээ гээд түшлэгтэй сандалдаа лавхан сууж, сигари соронгоо, -Хүн бүр анхныхаа дурлалын тухай паянг ярих ёстой боллоо шүү. Одоо таны ээлж, Сергей Николаевич аа гэв. Булцгар цагаан царайт, махлагдуу Сергей Николаевич гэрийн эзэн рүү харснаа дараа нь адар єєд ширтэв.
-Надад анхны дурлал гэж байгаагүй. Шууд хоёр дахиас нь эхэлсэн юм гэж эцэст нь хэлэв.
-Яагаад тийм байдаг билээ?
-Их амархан. Анх удаагаа нэлээд аятайхан нэгэн охины хойноос хэсэгхэн зуур давхиад үзэхдээ би арван наймтай байлаа. Гэхдээ түүний хойноос тийнхүү давхиж явахдаа энэ маань чухам саяхны шинэхэн зүйл биш мэт байдал гарган түүнээс хожим нь ч бусад бүсгүйн хойноос эргүүлж явахдаа яг тийм байдаг байв. Үнэнийг хэлэхэд анхны бөгөөд эцсийнхээ удаа би зургаан настайдаа асрагч эмэгтэйдээ дурласан юм. Гэтэл энэ маань бүр дээр үеийн удаж байгаа хэрэг шүү дээ. Тэр үеийн тухай тодорхой санах юмгүй болж мартагджээ. Саналаа ч гэсэн энэ маань хэнд сонирхолтой байх билээ дээ?
-Тэгээд одоо яах вэ? гэж гэрийн эзэн хэлснээ
–Миний анхны дурлалд ч сонирхмоор зүйл бас л бага даа. Одоогийн гэргий Анна Ивановнатай танилцахаасаа өмнө би хэнд ч дурлаж байсангүй. Бидний хэрэг тун урагштай бүтсэн юм. Эцгүүд маань зуучлан ураг бололцоод бид хоёр ч гэсэн дорхноо бие биедээ хайр сэтгэлтэй болж төдөлгүй гэрлэсэн юм. Миний ярих юм хоёрхон үгэнд л багтана. Эрхмүүд минь, үнэнийг хэлэхэд анхны дурлалын тухай асуудал хөндөхдөө, настай гэхгүй ч гэсэн мєн залууд нь орохгүй гэрлээгүй та бүхэнд найдсан юм. Ингэхэд Владимир Петрович, та харин биднийг баясуулах юм биш биз дээ? гэв.
-Үнэндээ миний анхны дурлал ерийн гэмээргүй явдалд орж болох л юм гэж буурал сууж яваа хар үстэй дөч эргэм насны Владимир Петрович бага зэрэг түгдрэн хариулав.
-Өө! Харин бүр сайн… та яриач гэж гэрийн эзэн Сергей Николаевич хоёр нэгэн зэрэг дуу алдав.
-За тэгье.. эсвэл больдог ч юм уу даа. Ярихаа болъё. Би ярьж хєєрєхдєє чадамгай биш. Яриа маань ойлгомжгүй товчхон эсвэл хэт нуршсан гоомой болоод байдаг юмаа. Харин та нар зөвшөөрвөл санаснаа би бүгдийг дэвтэрт бичээд уншиж өгье.
Найзууд эхэндээ зөвшөөрөхгүй байсан боловч Владимир Петрович өөрийнхөөрөө болгов. Хоёр долоо хоногийн дараа тэд дахин уулзаж, Владимир, Петрович хэлснээ биелүүллээ. Дэвтэртээ доорхи зүйлийг бичжээ.

I

Тэр үед би арван зургаан настай байв. 1833 оны зун болсон хэрэг. Би эцэг эхтэйгээ Москвад суудаг байлаа. Манайх Калугийн боомтын ойролцоо Нескучнын цэцэрлэгийн тушаа хөлсний зуслантай байлаа. Их сургуульд орох бэлтгэл хийж байгаа нэртэй, хийсэн юмаар тун ч бага айвуу тайвуухан байдаг байжээ. Хэний ч хавчлага шахалтгүй бүрэн чөлөөтэй байдаг байв. Ялангуяа орос оронд гэнэт “дэлбэрэх бөмбөг шиг” унав гэсэн бодолдоо хэрхэвч дасахгүй байсан муухай царайлан өдөржингөө орондоо хөлбөрдөг сүүлчийнхээ асрагч францаа явуулсанаас хойш би чухам юу ч хийсэн боломжтой, дураараа болсон билээ. Эцэг маань надтай эелдэг боловч тоомсоргүй харьцаатай, ээж бол надаас өөр хүүхэдгүй атлаа намайг бараг хайхарч халамжилдаггүй, шал өөр зүйлд санаа нь зовдог байсан юм. Миний эцэг цэвэрхэн, залуу, сайхан эр, ээжтэй сэтгэлээр биш хөрөнгөнд нь болж өөрөөсөө арав эгч түүнтэй гэрлэжээ. Ээж минь гунигтай амьдардаг байсан юм. Сэтгэл нь үргэлж догдлон зовуурилж, эцгийг хардаж уурладаг байсан боловч нүүрэн дээр нь түүнээ гаргадаггүй байв. Ээж, ааваас маш эмээдэг мєн аав ч өөрт нь ширүүн, хөндий… ханддаг байв. Миний эцэг шиг тийм гол шиг айван тайван, биедээ эрэмшсэн зоргоороо хүнийг би хэзээ ч үзсэнгүй. Зусланд өнгөрүүлсэн эхний хэдэн долоо хоногийг би хэзээ ч мартахгүй. Тэнгэр тун сайхан. Бид хотоос тавдугаар сарын есөнд яг Киолай хутагтын дүйцэн өдөр нүүж ирэв. Зуслангийнхаа эсвэл Нескучнын цэцэрлэгээр, заримдаа боомтын цаагуур зугаалдаг байв. Кайдановын сурах бичиг ч юм уу эсвэл ямар нэгэн ном авдаг боловч дэлгэж үздэг удаа тун цөөхөн, харин голд уул урьд цээжилсэн олон шүлэгнээсээ өндөр дуугаар уншина. Сэтгэл хөөрөн зүрх нэг л тааламжтай эгдүү хүрэм ёгхийж, би нэг л юм хүлээгээд чухам юунаас ч юм зүрхшээгээд байгаа юм шиг бүхнийг хачирхан сонирхон юунаас ч буцахгүй юм бүхэнд бэлэн байв. Үүрээр тэмээн хараацай сүмийн хонхыг тойрон нисдэг шиг мөрөөдөл, бодол санаа минь нөгөө л сэтгэлд ургасан үзэгдлийг тойрон наадаж эргэлдэнэ. Би нэг хэсэгтээ бодлого болон гуниглан уйтгарлаж уйлж хайлдаг байлаа. Уянгат сайхан шүлэг ч юмуу үдшийн гоо сайханд автагдан сэтгэл уярснаас болж асгаруулсан нулимс уйтгарын хажуугаар хавар цагийн ногоо мэт оргилсон залуу амьдралын баясгалант сэтгэл төрдөг байжээ. Би морьтой байсан юм. Түүнийгээ өөрөө эмээллээд ганцаар аль болох холхон явж, өөрийгөө чадал шалгасан тэмцээнд оролцож байгаа хөлөг-баатар хэмээн сэтгэж, морио давиран давхихад салхи чих рүү минь юутай хєгжүүн үлээдэг байв даа! Эсвэл нүүрээ тэнгэр єєд чиглүүлэн номин цэнхэр огторгуйг тэр чигээр нь сэтгэлдээ буулган авдаг байв. Тэр үед эмэгтэй хүний дүр, эмэгтэй хүний хайр дурлалын тухай ямар нэгэн тодорхой дүрслэлээр ухаан санаанд минь хэзээ ч буудаггүй байсныг санаж байна. Гэтэл сэтгэн бодож байсан юм бүхэнд мэдрэн байгаа юм бүхэнд маань ямар нэгэн шинэ зүйл, өгүүлж баршгүй амттай, нэг л таатай, эмэгтэй хүний гэмээр дутуу хагас ухамсарласан, ичмээр ч юм шиг ямар нэг далд совин нуугдаж байгааг мэдэрдэг байлаа. Энэ совин энэ хүлээсэн зүйл, миний бүх бие цогцост нэвтрэн, би түүгээр амьсгалан, цусны минь дусал бүрд нэвтрэн урсаж… удалгүй биеллээ олох хувь тавилантай байжээ. Манай зуслан баячуудын суудаг, багана бүхий нэг дүнзэн байшин, мөн хоёр намхан, жигүүрийн байшинтай байв. Зүүн жигүүрийн байшинд туурганы хямд үнэтэй цаас хийдэг бяцхан үйлдвэр байдаг байв… Тос толбо болсон халтар халаадтай, зүдэрсэн царайтай, эцэнхий, сэгсгэр үстэй арваад бяцхан хөвүүн хэвлэдэг машины дөрвөлжин тайрдсуудыг шахдаг модон хөшүүрэг дээр байн байн үсрэн гарч эцэнхий биеийнхээ хар хүчээр уг цаасан дээр алаг эрээн хээг барлахыг үзэхээр би олонтаа очно. Баруун жигүүрийн байшин хоосон тул хөлслөхөөр болжээ. Таван сарын еснөөс хойш гурван долоо хоносны дараа нэгэн өдөр тэр байшингийн цонхны хаалт нээгдэж, эмэгтэй хүний царай үзэгдэн нэгэн айл орсон байлаа. Үдийн хоолны үеэр ээж гэрийн ахлах зарцаас манай шинэ хөрш ямар улс болохыг асуусныг санаж байна. Ноён Засекины хатан гэдгийг сонсоод эхлээд ээж нэлээд хүндэтгэмээр маягтай: “Аа ноёны хатан уу… гэснээ – Бодвол ядуухандуу юм болов уу даа” гэж билээ.
-Хөлсний гурван тэргээр ирсэн шүү гэж гэрийн ахлах зарц, тавагтай хоолыг хүндэтгэн барих зуураа хэлээд,
-Өөрийн уналгагүй мөн гэрийн тавилга ч гэсэн авах юмгүй хоосон.. гэж нэмэв.
-Өө тийм үү, уг нь ч зүгээр л юм даа гэж ээж хэлэв.
Эцэг, ээж өөд хүйтнээр харсанд цаадхи нь дуугүй болов. Үнэхээр ч Засекин ноёны хатан баян чинээлэг биш гэдэг нь хөлсөлж авсан байшингий нь харахад илэрхий. Хуучирч өмхөрсөн, давчуу, намхан ийм байшинд арай жаахан чинээлэг шиг улс бол суухааргүй байсан юм. Тэрхэн үедээ эл яриаг чихнийхээ хажуугаар өнгөрүүлсэн юм. Ноён гэдэг хэргэмийг нэг их тоогоогүйн учир нь бий Шиллерийн “Дээрэмчин” зохиолыг дөнгөж саяхан уншсан байлаа.

Monday, May 17, 2010

Зөн совин

... Ямар нэг шалгалт... Юуных гэдэг тодорхойгүй... Нэг л нэг тийм бүрхэг, мэдэхгүй зүйлийн талаар, хичээл юм уу гэхээр 10-н жилийн хичээл биш, их сургуулийн ч биш, гэхдээ л нэг анги танхимд хүмүүсийн хамт... Голын эгнээний эхнээсээ 2 юм уу 3 дахь ширээнд... Шалгалтын материалаа эхнээс нь хийж байна. Хийгээд дууслаа гээд эргүүлтэл тэнд өөр олон асуултууд, хариулахад их хүнд юм аа. Яаанаа гээд сандарч байтал хугацаа дуусаж материалаа хураалгах болсон байна. Ерөнхийд нь материалаа хартал хариулах ёстой асуултуудын ердөө л 40%, юу хийж амжсангүй, олигтой дүн авахгүй нь дээ,.. гэж бодон аргагүй шалгалтын материалаа хураалгалаа...
...Нэг өрөө, анги танхим биш, багш нарын өрөө юм уу гэхээр бас л биш, гэхдээ тэнд хэн ч алга, харин шалгалтын материалууд ил, өөрийнхөөгөө хайлаа,.. тэрхэн хоромд залуухан багш эмэгтэй инээмсэглэсээр орж ирж байна,.. Тийм ч муу хүн биш юм аа... Тэрээр юу хийж байгааг маань сайн ойлгож байгаа бололтой, шалгалтын материалыг маань гаргаж өгснөө инээмсэглэсэн хэвээр бусад материалыг аваад цааш одов. Бага зэрэг гайхаж зогссоноо материалаа харвал буруу бүхнийг минь зөв болгож зассан хирнээ тавьсан дүн нь онц гэж байна. Энэ л хамгийн хачирхалтай нь.../2010.05.17/

Бодрол

Нэг өдөр чи уйлж болно, дараагийн өдөр нь гуниглаж болно, тэрний дараагийн өдөр нь инээж болно. Энэ бүхэн нэг өдөр биш, үргэлжилж явж байгаа биз дээ... Тэр чинээгээр амьдрал сайн муу, зовлон жаргалаар ээлжилж л байдаг. Хүнд хэцүү үе бүхний дараагаар чамд сайн сайхан бүхэн ирнэ гэдэгт итгэ. Итгэх ч хэрэгтэй. Угаасаа ч ирэх болно, яагаад гэвэл аливаа юм эргэж ээлжилдэг юм гэж хэлсэн шүү дээ...

Бодрол

- Өнөөдөр сэтгэл санаа гэж авах юм алгаа. Өглөөнөөс хойш л зөвхөн нэг л хүнийг бодлоо. Бодоод л бодоод л. Хачин юм аа, өмнө нь ерөөсөө ингэж байгаагүй байж, сүүлийн үест ингээд байдаг болчихож. Энэ ер нь хүний муухай сэтгэлийнх байх аа. Лам залах гээд олдохгүй болохоор нь буцахдаа бумба зална гэгчийн л юм болж байх шиг. Тэгээд бодохоор муухай байгаа биз дээ... Төсөөлөөд л ургуулаад л хийсвэр бодолд автаад л, яах гэж ингэж байна вэ?
- Яах гэж үү, тэрийг ойлгоход амархан. Саяхан чи хүнд хууртаж хаягдсанаасаа болж сэтгэлээр унаж, өөрөө өөрийгөө хүндэтгэх сэтгэлээ гээсэн хэрэг. Түүнээсээ болж ганцаардаж шаналсандаа өөрийгөө өрөвдөж урьд нь огт тоодоггүй байсан тэр хүн рүүгээ хандархаж байгаа хэрэг.
- Энэ тэгээд буруу юу? Хамгийн гол нь зөвхөн энэ л хүн надад халуун дотно сэтгэлээр хандаж анхаарал халамж тавьж дэмжиж тусалж байсан юм гэдгийг яагаад ч юм гэнэт л ойлгосон. Энэ салалтаасаа үүдээд чухам яагаад ийм байдалд хүрсэн тухайгаа, бас ийм байдалд орохгүй байх боломжтой байсан эсэх тухайгаа, хүний амьдралын нарийн нандин, болох болохгүй бүхнийг ойлгож мэдэрч байгаагаа, уулзаж байсан залуусын хандлагын талаар, чухам яг хэн нь үнэхээр хүн байж вэ гэдэг талаар эргэцүүлэн бодож үзлээ. Тэгээд өнөөг хүртэл хэн үлдэв гэж эргээд үзэхэд ганцхан энэ хүн л үлдсэн байна. Бусад нь хаа байна вэ гэвэл бүгд зам замаа хөөжээ. Магадгүй би хэтэрхий бардам, ихэмсэг байх л даа. Х-гийн хэлж байснаар... Гунхсан нэг нь намайг тоохгүй, гутлаа чирснийг нь би тоохгүй гэж Н-гийн хэлдэг үг ч бас ер нь бол намайг хэлсэн юм шиг. Хэдий Н ингэж хэлдэг ч гэсэн... Тийм ээ, би өөрийн сэтгэлдээ төсөөлөн бий болгосон тэр л ханхүүгээ хайсан. Тэр ханхүү маань тэдгээр залуусын аль нь ч биш байсан. Харин би тэдгээрт ханхүүгээ тохируулах гэж оролдсон. Гэвч энэ маань үр дүнгүй болж бүгд эцэст нь үл ойлголцлоор дууссан. Зарим нь бол харин ашиглах бодол агуулж байсан. Тэр нь дэндүү харамсалтай...
- Тэгвэл чи тэднээс салсан нь сайн хэрэг биш үү? Юунд нь ингэж шаналсан юм бэ?
- Юу гэвэл энэ бүхнийг үзэж туулж мэдэрч сэтгэлээ заавал өвтгөж шаналах ёстой байсан л юм байх даа..л гэж...
- Амьдралыг зөвхөн ганц талаас нь хараад байж болохгүй, бүх талаас нь мэдрэх л хэрэгтэй гэдгийг л чамд ойлгуулах гээд байгаа юм байлгүй дээ. Сайнтай муутай нь.
- Надад таалагдахгүй л байна. Энэ бүхний эцэст миний зүрх сийчүүлсэн самархай эд шиг л болж хоцорлоо. Сайхан зүйл юу ч алга. Итгэл найдвар юу ч үлдсэнгүй. Болно доо ч гэсэн бодол төрөхгүй байна. Зөвхөн өөрөө өөрийгөө зүхэж суух өрөвдөх сэтгэл л үлдэж дээ...
- Зүхэх тусам чи хурцлагдах ёстой. Хурц иртэй болж хуу татан зүсэх хэрэгтэй, тэд нарыг. Тэд чамд хэрхэн хандсандаа харамсаж амаа бариг. Үүнээс хойш түүнээс цааш чи хэн бүхнээс илүү ухаалаг байж тоглоомыг тоглодог биш харин дүрмийг зохиодог хүн нь байх хэрэгтэй. Өөрөө хүүхэлдэй болох биш, тэднийг хүүхэлдэй болго.
- Чадах болов уу даа, надад одоо ямар ч эрч хүч алга, аль хэдийнээ бүгдийг нь алдаж... Гэхдээ хичээе, ийм байдалтай байгаад баймааргүй байна. Бас энэ бүхнээс залхаж байгаа болохоор илүү өөр зүйлийг мэдэрмээр байна. Хиймээр байна. Гэрэл гэгээг л мэдэрмээр байна. Зорилго тэмүүлэлтэй амьдармаар байна. Бусдын адил аз жаргалыг хүсэж байна. Энэ бүхнийг хаанаас олж болохыг би мэднээ...

Wednesday, May 5, 2010

Бодрол

Итгэл, мухардал, цөхрөл... Түүний хязгаарт гарч үзжээ. Гэвч огт таалагдсангүй, тэнд юу ч алга, хов хоосон л байна. Нэг л нэг тийм хүйтэн, даардас хүрмээр, сүүдэрлэг ертөнц. Эцэс төгсгөлгүй зовлон, уйтгар гуниг, харуусал, эзэнгүй цөл шиг нам гүм, амирлангуй, энэ бүхнийг хэрвээ эхлэлээс нь төгсгөл хүртэл нь томъёолбол, гэхдээ бурхны шашны сургаалаар... энэ бол... үйлийн үр, шалтгаан, үр дагавар...

Бодрол

2010.03.09

Зүүд үү, төсөөлөл үү,.. Төсөөлөл бодитой болох тохиолдол бий юу? Эсвэл энэ зөн билэг үү? Зарим тохиолдолд бодит байдлаас төсөөлөлөө ялгаж салгахад хүнд юм аа. Ийм явдал болсон билүү эсвэл зүүдэлсэн билүү, аль эсвэл төсөөлөл дэх ертөнцийн маань үйл явдал уу. Яаалаа... нэг л санахгүй байх чинь, эсвэл төсөөлөл маань бодит мэт сэтгэгдлийг төрүүлж байна уу? Энэ бүхэнд би төөрчихлөө. Би өөрөө өөрийнхөө дотоод ертөнцдөө төөрчихлөө... /нэлээд хэсэг хугацаанд ганцаараа бодол болон суув. эцэст нь.../ Харанхуйд биш гэрэлтэйд төөрсөн нь юутай завшаантай. Гэвч замаа олох хэрэгтэй. Яаж тэр билээ...?

Аль эсвэл би галзуурч байна уу?, оюун санаа минь хов хоосон ч юм шиг, эсвэл бүүр эрээвэр хураавраар холилдоод тэр гэхийн тамтаггүй болчихов уу, юу юм болоо,... Би "би"-гийн ертөнцөөс халиад гарчихлаа. Уул нь би чинь "би" дотроо байх ёстой байтал би хүрээнээс гарчиж. Хов хоосон би л оршиж байна,...

Өврийн дэвтрээс...

Зүрх минь зүүгээр шивэгдэх шиг болохыг
Нэг л удаа мэдэрсэн
Зүгээр л өнгөрөх төдийд мэдэрсэн
Угаасаа л тийм шүү дээ гэж бодсон ч
Өөрийн эрхгүй л зүрх минь тэгэхэд л шархалсан...

Алс хол одсон, сураг чимээ тасарсан
Гомдсон сэтгэл, яахаа мэдэхээ байсан сэтгэлийг уучилж чадаагүй ээ
Амьдралыг тэр амслаа, үзлээ, гашуун амтгүй санагдсан
Аз жаргалд итгэхээ больсон, итгэл сэтгэлийг хаанаас ч олоогүй.
Яахаа мэдэхээ байсан сэтгэл, харин
Яагаа бол...

Өврийн дэвтрээс...

Хайрлах сэтгэлийг жолоодож болдогсон бол
Чамд л би өгөхсөн.
Хайрлаагүйнхээ төлөө буруутан болдог бол
Хатуу гэхэд дэндүү хатуу хорвоо юм даа...

Магадгүй...
Чи бол өдөр, би бол шөнө
Чи бол наран, би бол саран
Тийм болохоор...
Бидний зам хэзээ ч огтлолцож чадахгүй
Зэрэгцээ хоёр шулуун юм даа...

Чамд гомдсон сэтгэл, баярласнаасаа их
Чамайг гэсэн сэтгэл минь намайг гэснээс чинь их
Чин үнэнч сэтгэл минь чиний надад өгснөөс их
Чи минь даанч харалган юм даа, энэ бүхнийг хардаггүй...

Өврийн дэвтрээс...

Миний дэргэд худал оршиж
Чиний дэргэд үнэн оршиж
Үнэн худлын хооронд
Өдөр шөнийн ялгаа оршиж байдаг юм бол
Чи бидний дунд төдий...

Үнэн худал хоёр хэзээ ч нэгдэж чаддаггүй
Үргэлж бие биенээ үгүйсгэж байдаг гэдэг нь
Үгүйсгэл үгүйсгэлийн хуулиар
Батлагдсан үнэн юм.

Өврийн дэвтрээс...

Би бол би биш
Би бол биегүй хоосон
Би бол үл оршигч
Би бол хумхын тоос...

Гэвч нэгэн цагт би
Өөр нэгэн байсан байж магад
Харин хэзээ тийм байсан гэдгээ
Өөрөө ч санахгүй явнам...