Monday, May 17, 2010

Бодрол

- Өнөөдөр сэтгэл санаа гэж авах юм алгаа. Өглөөнөөс хойш л зөвхөн нэг л хүнийг бодлоо. Бодоод л бодоод л. Хачин юм аа, өмнө нь ерөөсөө ингэж байгаагүй байж, сүүлийн үест ингээд байдаг болчихож. Энэ ер нь хүний муухай сэтгэлийнх байх аа. Лам залах гээд олдохгүй болохоор нь буцахдаа бумба зална гэгчийн л юм болж байх шиг. Тэгээд бодохоор муухай байгаа биз дээ... Төсөөлөөд л ургуулаад л хийсвэр бодолд автаад л, яах гэж ингэж байна вэ?
- Яах гэж үү, тэрийг ойлгоход амархан. Саяхан чи хүнд хууртаж хаягдсанаасаа болж сэтгэлээр унаж, өөрөө өөрийгөө хүндэтгэх сэтгэлээ гээсэн хэрэг. Түүнээсээ болж ганцаардаж шаналсандаа өөрийгөө өрөвдөж урьд нь огт тоодоггүй байсан тэр хүн рүүгээ хандархаж байгаа хэрэг.
- Энэ тэгээд буруу юу? Хамгийн гол нь зөвхөн энэ л хүн надад халуун дотно сэтгэлээр хандаж анхаарал халамж тавьж дэмжиж тусалж байсан юм гэдгийг яагаад ч юм гэнэт л ойлгосон. Энэ салалтаасаа үүдээд чухам яагаад ийм байдалд хүрсэн тухайгаа, бас ийм байдалд орохгүй байх боломжтой байсан эсэх тухайгаа, хүний амьдралын нарийн нандин, болох болохгүй бүхнийг ойлгож мэдэрч байгаагаа, уулзаж байсан залуусын хандлагын талаар, чухам яг хэн нь үнэхээр хүн байж вэ гэдэг талаар эргэцүүлэн бодож үзлээ. Тэгээд өнөөг хүртэл хэн үлдэв гэж эргээд үзэхэд ганцхан энэ хүн л үлдсэн байна. Бусад нь хаа байна вэ гэвэл бүгд зам замаа хөөжээ. Магадгүй би хэтэрхий бардам, ихэмсэг байх л даа. Х-гийн хэлж байснаар... Гунхсан нэг нь намайг тоохгүй, гутлаа чирснийг нь би тоохгүй гэж Н-гийн хэлдэг үг ч бас ер нь бол намайг хэлсэн юм шиг. Хэдий Н ингэж хэлдэг ч гэсэн... Тийм ээ, би өөрийн сэтгэлдээ төсөөлөн бий болгосон тэр л ханхүүгээ хайсан. Тэр ханхүү маань тэдгээр залуусын аль нь ч биш байсан. Харин би тэдгээрт ханхүүгээ тохируулах гэж оролдсон. Гэвч энэ маань үр дүнгүй болж бүгд эцэст нь үл ойлголцлоор дууссан. Зарим нь бол харин ашиглах бодол агуулж байсан. Тэр нь дэндүү харамсалтай...
- Тэгвэл чи тэднээс салсан нь сайн хэрэг биш үү? Юунд нь ингэж шаналсан юм бэ?
- Юу гэвэл энэ бүхнийг үзэж туулж мэдэрч сэтгэлээ заавал өвтгөж шаналах ёстой байсан л юм байх даа..л гэж...
- Амьдралыг зөвхөн ганц талаас нь хараад байж болохгүй, бүх талаас нь мэдрэх л хэрэгтэй гэдгийг л чамд ойлгуулах гээд байгаа юм байлгүй дээ. Сайнтай муутай нь.
- Надад таалагдахгүй л байна. Энэ бүхний эцэст миний зүрх сийчүүлсэн самархай эд шиг л болж хоцорлоо. Сайхан зүйл юу ч алга. Итгэл найдвар юу ч үлдсэнгүй. Болно доо ч гэсэн бодол төрөхгүй байна. Зөвхөн өөрөө өөрийгөө зүхэж суух өрөвдөх сэтгэл л үлдэж дээ...
- Зүхэх тусам чи хурцлагдах ёстой. Хурц иртэй болж хуу татан зүсэх хэрэгтэй, тэд нарыг. Тэд чамд хэрхэн хандсандаа харамсаж амаа бариг. Үүнээс хойш түүнээс цааш чи хэн бүхнээс илүү ухаалаг байж тоглоомыг тоглодог биш харин дүрмийг зохиодог хүн нь байх хэрэгтэй. Өөрөө хүүхэлдэй болох биш, тэднийг хүүхэлдэй болго.
- Чадах болов уу даа, надад одоо ямар ч эрч хүч алга, аль хэдийнээ бүгдийг нь алдаж... Гэхдээ хичээе, ийм байдалтай байгаад баймааргүй байна. Бас энэ бүхнээс залхаж байгаа болохоор илүү өөр зүйлийг мэдэрмээр байна. Хиймээр байна. Гэрэл гэгээг л мэдэрмээр байна. Зорилго тэмүүлэлтэй амьдармаар байна. Бусдын адил аз жаргалыг хүсэж байна. Энэ бүхнийг хаанаас олж болохыг би мэднээ...

No comments: