Friday, June 20, 2008

Богд ламд бараалхсан нь

Урьд нэгэн цагт манай нутагт
Нэрд гарч, зард тарсан
Гахай жилийн зуд болж
Ганц морьтон нь
Гар хоосон болж
Гаднаа хоньтой нь
Ганзага мэрэх юмгүй үлдэж
Хувин цайлгах сүүгүй
Хусуур дуугаргах хусамгүй
Хусран үнээнд цайхгүй
Хурган сүүлэнд мөлжүүргүй болтол
Хаврын хавсарга үлээж
Хамаг олон нь өлсгөлөн болж
Хал үзэж, халуун чулуу долоох үед
Хаан эзнээс өршөөл гуйж
Хайр тэтгэм горьдон залбирч
Өргөх бичиг үйлдэн зохиож
Эрдэнэ далай вангийн хошуунаас
Элч зарлагаар намайг илгээж билээ.
Далан худалч давиран цогиод
Даагатай гүүгээ даргиулан шогшоод
Даа хүрээнд хүрээд ирлээ.
Далай вангийн хошуунаас
Далан долоон зовлон тоочихоор
Далан худалч ирсэн гэнэ гэж
Богд лам сонсоод
Бодол болж сууснаа
Албат нараа цуглуулаад
Арга мэх зохиоё гэж
Ам нийлж ярилцаад тохирч гэнэ.
Далан худалчийг бараалхаж ирэхэд
Нүдээ боож сохор болоод
Нүүрээ будаж эхнэр болоод байцгаая.
Далан худалч ирээд
Богд лам нь аль болохыг
Бодож олох хэцүү
Тааж мэдэх бэрх болоод
Танилгүй мухардахад нь
Богд ламаа болгоосонгүй
Буруу хүнд бараалхав гэж
Буцааж явуулъя гэж хэлэлцээд
Олбог тойрон оль сохор
Танхим тойрон таг сохор болоод сууцгааж гэнэ.
Далан худалч түүнд яаж хуурагдах аж даа.
Богдын ордонд ортол
Боодолтой сохор ч нэг хэсэг байлаа
Болохоо байсан сохор ч нэг байлаа
Болно гэж өөрөө дурласан сохор ч нэг байлаа
Богдыг дуурайсан бодолгүй сохор ч бас байлаа
Арваад сохорын аль сохрыг тэр гэх үү
Адгийн сохор амар байна уу? гээд
Хадгаа гаргаж, бичиг өргөдлөө барив
Оль сохруудын дундаас
Оногдсон сохор нь Богд өөрөө байлаа
Боодолтой сохрууд нь босоод явахад
Богд лам нь үлдээд хоцорлоо
Тэгэхлээр нь би ийн хэлрүүн:
Хувь заяа минь дутаж
Хошуу нутаг минь хоосроход
Хутагт лам маань бас
Сохор байдаг байна шүү
Одоо яана даа! гээд
Орь дуу тавьж гарлаа.
Тэгтэл богд лам ичсэндээ болоод
Энэрэл өршөөлийн зарлиг буулгаж
Энэ хошууг есөн жил дараалан
Албан гувчуур, авлага цэтгэрээс
Тайлсан тухай, тамгатай бичиг өгч
Намайг адислан гаргалаа
Ингээд би нутаг хошуундаа
Баяртай, бараатай хүрч ирээд
Богд ламын боодолтой нүдийг далимдуулж
Бошгын албанаас чөлөөлөгдсөнөө ярихад
Боллоо далан худалч минь
Богдыг үүнээс илүү яаж чадахав гэсэн юм даа.

No comments: