Friday, June 20, 2008

Дагдан хулгайч

Манай Мишиг гүний хошууны баруун залгаа их шавийн нэг отог байсан юм. Богдыг хаан ширээнд сууснаас хойш тэр отгийнхон их омогтой боллоо. Хэрэг зарга болоход тэд нар буруу ч зөв болж, зөв ч зөв болдог боллоо. Хошууны хүмүүс тэднээс айдаг байлаа. Тэр отгийнхон улам гаараад бүгдээрээ шахам хулгай хийдэг боллоо. Хавь ойрын хошуу айлын морь малыг бараг ил шахуу хөөгөөд явчдаг боллоо. Энэ айхтар хулгайч нарын тэргүүн нь Дагдан гэдэг хүн байлаа. Хулгай луйвар хоёроор Дагдангийнх баяжлаа. Дагдан, Мэргэн Шовгор гэдэг нутагтаа их нэр хүндтэй ламыг шүтдэг байжээ. Мэргэн шовгор томоотой, мэргэн, ид шидтэй лам байсан. Тийм хир нь тэр муу хулгайчийг харж хамгаалдаг байсан юм. Мэргэн шовгор нэг өдөр Дагданд хэлжээ: Дагдаан, Чи ер нь хулгай зэлгий хийхээ боливол дээр байх аа. Сум ер нь булцуундаа хүрлээ шүү. Чамайг дааж тээхэд одоо хэцүү боллоо шүү, гэжээ. Дагдан, За гэсэн боловч хулгай луйвраа хийгээд л байжээ. Нэг өдөр нутгийн баруун захын Тэрмээс уулын баруунтаа нутаглаж байсан төвд ламын 2 морийг хулгайлаад авчихжээ. Тэр лам бол уг нь монгол хүн, Төвдөд олон жил суусан учраас төвд лам гэж нэршсэн лам юм. Төвд лам морийг нь Дагдан авчихлаа гэдгийг мэдээд Гэсэрт сэржим өргөөд л байжээ. Тэгсэн чинь өнөөх Дагдан ар өвөр тийшээ таталдаж ойчоод үхлүүд хэвтэх болжээ. Тэгэхлээр морьтой хүн яаралтай Мэргэн Шовгорт явуулж, Амь авар гэжээ. Мэргэн Шовгор ном уншаад замаг буугаар Дагдангийн зүг буудаж гэнэ. Дагдангийн өвчин гайгүй болжээ. Үүнийг Төвд лам дуулаад нэг шавийгаа Мэргэн Шовгорт явуулжээ. Тэгэхдээ хэлжээ: Чи хүүхээ Мэргэн Шовгорт очоод Дагдан үхчихлээ гэж хэл, гэж гэнэ. Тэр шавь нь хэлж: Багш минь, Дагдан үхээгүй, харин өвчин нь гайгүй болж байгаа гэнэ билээ. Би яаж худал хэлэх вэ? гэж. Багш нь хэлжээ: Дагдан нас өнгөрчихлөө, гэж Мэргэн шовгорт худал хэлчихээд ир, Зүгээр, гэж. Шавь нь аргагүй Мэргэн Шовгорынд дахиад очиж гэнэ. Шовгор гэртээ сууж байна гэнэ. Ламбугай, Дагдан гуай нас барчихлаа гэж гэнэ. Яана гэнээ, Арай ч үгүй байгаа, нээрээ юу? гэж асуужээ. Нээрээ гэж хэлчихээд хурдхан тэднийхээс мордож гэнэ. Замд нь нэг морьтой хүн ширүүн давхиж яваад мориноосоо ойчлоо гэнэ. Хажуугаар нь гарах юм уу гэснээ хүнийг мориноосоо ойчоод байхад туслахгүй, арай ч аягүй юм уу гэж бодоод морий нь бариад ойчсон хүн дээр нь очсон чинь Дагдангийн дүү Шарав байж байна. Ууц өвдөөд байна, гээд арай гэж босож байна. Түүнийг моринд нь мордуулж өгчээ. Тэр Шарав Мэргэн Шовгорт Дагдангийн амийг авар гэж гуйх гэж яваа юмсанжээ. Тэгж бид хоёрыг мунгинаж байх завсар хойноос нь бас нэг морьтой хүн давхиж ирээд Дагдан өнгөрчихлөө, гэжээ. Тэгээд тэр хоёр Мэргэн Шовгорт Дагдангийн тухай айлтгасанд, Би түүнд хэлж байсан юм аа, сум булцуундаа туллаа шүү гэж. Хүний үгэнд орохгүй болохлоор одоо яана гэх вэ, Ийм боллоо. Хойт сүнсий нь бодохоос биш яах вэ, гэж байсан гэдэг. Дагданг нас барсанд бид цөмөөрөө баярлаж байсан юм. Түүнийг Мэргэн Шовгор аврах гээд Төвд лам түүнийг цааш нь харуулах гээд тэгж мөргөлдөж байсан юм даа. Чадалтай улс урьд Монголд байсан юм шүү.

No comments: