Friday, June 20, 2008

Түншийн өрийг төлсөн нь

Манай хошууны ноён
Мангуу тэнэг амьтан
Малтай газрын ноён гэж нэг аваад
Манжийн хааны хүргэн гэж нэг аваад
Хошуу цэргийн захирал гэж нэг аваад
Хуаран цэргийн жанжин гэж нэг аваад
Чуулган даргын тушаал гэж нэг аваад
Чухал цагийн алба гэж нэг аваад
Төр засгийн зарлиг гэж нэг аваад
Түмэн настны Лүндэн гэж нэг аваад
Түншийн пүүсэнд түм лангийн өртэй болж гарлаа
Төлөх гэж төмөр дөрөө сэтэртэл
Төр тамга элэгдтэл, зар бичиг явуулж
Зарлага элч давхиулж ядаад
Хошуу отгоор нь хувааж ядаад
Хувь хөрөнгөнд нь оноож ядаад
Өрхийн тоогоор тулгаж ядаад
Өглөгийн эзэнд бадарлаж ядаад
Адаг сүүлд нь ахиж бодохоор болоод
Арван отог, дөрвөн гоцгоос намайг томилжээ.
Данжаадын пүүсэнд өр бодохоор
Далан худалч би бас л явах боллоо
Түншийн пүүсэнд өр бодож
Түм лангийн ханхайд сууж
Дансан дээгүүр тоо харж
Дарсан газар нь цэг хатгаж
Бичсэн нэгийг нь мэтгэж үзээд
Бэхтэй цаасыг нь норгож үзээд
Данжаадыг нь хөөргөж нэг үзээд
Дансчныг нь түйргэж нэг үзээд
Бодох тутам зөрүү гаргаж
Болно гэхээр болохгүй гэж зөрсөөр байгаад
Хорь хоног, хоёр шөнө нойргүй хонуулж
Хэлэлцээ нийлсэнгүй гэж хэрүүл үүсгээд
Хэрхэвч төлөхгүй гэж маргаан дэгдээв
Хэрэв самуураад байвал
Хээр гарч сэлүүхэн газар тавтайхан бодъё гэж
Данжаадад нь хэлэв
Дараах өдөр нь данжаад нь дансчингаа аваад
Аглаг хээр гарч, ахин сайн бодохоор явлаа.
Тэгэхээр нь би гэртээ очиж хонины олгойд цус дүүргэж
өвөртөө хийгээд тэдэн дээр очлоо
Данжаад гуай дансаа бодон бодсоор байгаад эцэст нь хүргээд
- Түм лан дүйлээ гэж хашгирав
- Тэглээ яг түм лан болжээ
За тэгэхлээр данжаад минь түүнийг чинь ертөнцөд хамгийн үнэтэй ховор эрдэнэ өгч төлье авах уу? гэж асуухад,
- Юу ч байсан хамаагүй авнаа... гэж данжаад хэлэв.
- За тийм бол ертөнцөд хүнээс илүү үнэтэй эрдэнэ байдаггүй болохоор түм лангийн чинь үнэнд түнтгэр хөх толгойгоо тушаана даа гээд хутгаа суга татан авч хэнхдэг рүүгээ шааж олгойтой цусаа хагалан гоожуулж үхэтхийн унав.
- Ай яаж болноо Түм лан хамаагүй лаа гээд данжаад гуай данс сэлтээ шидэж орхиод учир нажиргүй зугатаан арилав.
Дараа нь би сэмхэн босч өрийн дансыг шатаагаад явлаа. Хэд хоносны дараа Түншийн пүүсээр орвол данжаад ийн өгүүлрүүн :
- Түм лангийн өрнөөс болоод түнтгэр хөх толгойгоо тушаагаагүй бол чи Далан худалчтай даан ч адилхан хүнээ? гэж асуулаа.
- Хөөрхий муу Далан худалч хүний муугаар үхсэн гэнэ билээ
Арьяавал мааны бадны хум, сайн заяанд төрөх болтугай.
Тэгээд юу болов данжаад гуай гэж асуухад :
- Түүнээс хойш би түм лан гэхлээр толгой өвдөж, түнтгэр хөх толгой гэхлээр дотор муухай болдог болсоон шүү. Түүнийг битгий яриваа, гэх билээ.
Манай хошуу өрнөөсөө үүрд салж магнай хагартал баярлахдаа Далан худалч, далан удаа үхсэн ч амьд хэвээрээ байна гэж нотолсон юмаа.

No comments: