Friday, June 20, 2008

Амбан ноёныг алгадсан нь

Эрт урьд нэгэн цагт юмсан
Хулгана жилийн намрын эхэн
Сарын шинийн гурваныг
Хутагт лам ширээнд суусан
Хувьтай сайн өдөр гэж
Хурсан буяны дээж гэж
Хураасан малын хишиг гэж
Хүрээний амбанд айлтгал гэж
Есөн цагаан бэлэг хүргэхээр
Дайчин бээсийн хошуунаас
Далан тэмээ ачаатай
Даа хүрээний амбаныд
Далан худалч би хүрч ирсэн юм
Ачаа хөсгөө буулгаж
Амбан ноёнд хишиг хүртээж
Агт морь, атан тэмээ
Ам цагаан хонь, алт мөнгө
Амттан идээ, архи дарс
Аль байдаг есөн цагаанаа бариад
Алба багасгаж, элч цөөтгөхийг гуйж
Айлчин гийчний ёсоор бууж билээ.
Амбан ноёнд хүн гэгдэж
Албан ёсонд зочин гэгдэж
Архи дарс, амттан идээгээр дайлуулж
Аятайхан тав хонолоо
Бид ч явах боллоо
Амбан ч царайгаа хувилгав бололтой
Бэлгийн хариуг дараа өгнө
Бичиг захиаг хошуу ноёнд чинь хүргэнэ гэж хэлээд
Биднийг хоосон гаргалаа.
Бэлэг хүргээд хоосон буцах муу ёр гэж
Манай нөхөд дургүйлхэв
За тэгвэл есөн цагааныхаа хариуд
Амбан ноёныг нэг алгадвал яанаа гэж
Би тэдэнд хэллээ
Хэрэв амбан ноёныг алгадвал
Чиний бөндгөр чинь амбан ноёны
Үүдэн дээр үүрд өлгөөстэй байх болно
гэж манайхан ам алдав
За тэгвэл Далан худалч дийлэх нь үү
Даа хүрээний амбан дийлэх нь үү
Үзнэ дээ гэж би ам өчиг тавив.
Маргааш өглөө нь маш эрт босч
Амбан ноёны үүдэн дээр сахин
Сууж байтал Амбан ч гараад ирлээ
Би ч тасхийлгээд авлаа
Амбан ноён ч газар үхэдхийн унав
Албат нар нь ч бужигналдаж эхлэв
Элээ яалаа, халаг хоохой энэ тэр болцгоов
Амбан ноён арай хийж өндийгөөд
Ай чи яаж байнаа? гэж асуув
Тэгэхлээр нь би ийн хэлрүүн
- Өршөөгөөрэй, эзэн тэнгэр минь
Би гэдэг хүн, архаг өвчнөөр
Арван жил өвдөөд эм дом
Эмч сувилагч элдэв дээдээр
Аргалаад эдгэсэнгүй болохоор нь
Эрхэм мэргэдээс асуувал
Тэнгэр алгадвал чиний энэ өвчин
Эдгэнэ гэж хэлсэн юмаа
Гэтэл над шиг
Муу заяат, мухар толгойт
Усан нүдэт, цусан зүрхтэд
Тэнгэр яахин олдох билээ
Арга буюу таныг, манжийн хаан
Эзэн тэнгэрийн хүү тэнгэрлэг
Язгуурт их тэнгэр хэмээн
Алдаршсан болохоор таныг л
Алгадахаас өөр аргагүй боллоо
Уучилж хайрлана уу? гэхэд
Манжийн амбан ийн хэлрүүн
- Чамдаа ч би тэнгэр нь тэнгэрээ
Өвчин чинь эдгэх болтугай
Өш хонзон байхгүй болохоор
- Хамаагүй ээ явбаа гэж хэллээ
- Эзэн тэнгэр минь ингэж намайг
Баярлуулах гэж дээ, одоо та бид
хоёр өглөг авлага, өш хонзон байхгүй
болохоор та ч морилж үз,
Би ч явъя даа гээд гарч одлоо
Тэгээд намайг хүрээ амбанд хүргэсэн
Есөн цагаан бэлгэнийхээ хариуд
Амбан ноёныг алгадсан тухайг манай
Нутгийнхан сонсоод чиний алга
Есөн цагаанаас үнэтэй болжээ гэж үнэлсэн юм
Ингэж би амбан ноёнд алга буулгаж
Явсан толгой доо ...

No comments: